Манай 18 жүдоч “Токио-2019” ДАШТ-д хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-21 11:36:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/  Японы нийслэл Токио хотын “Ниппон Бүдокан” /Nippon Budokan/ тулааны спортын ордонд наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-нд болно.


Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны сайтын мэдээллээр 152 орны 900 шахам жүдоч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Энэ нь өмнөх ДАШТ-үүдийн дээд амжилтыг эвдэж байгаа аж. Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд шилдгүүдээ тодруулна. Мөн холимог багийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд “Токио-2020” олимпын чансааны оноо олгоно.


Дэлхийн аваргаар тодорсон тамирчин чансааны 2000 оноо, мөнгөн медальт жүдоч 1400 оноо хүртэх  бол хүрэл медальтан 1000 оноо авна. Тэргүүн байрт 26 мянган ам.доллар 2 дугаар байрт 15 мянга, 3 дугаар байрт 8 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Энэ тэмцээний хувьд эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн ДАШТ юм.


Өнгөрсөн жилийн жүдогийн ДАШТ 2018 оны есдүгээр сард Азербайжаны нийслэл Бакуд болсон бөгөөд БНСУ-ын Ан Чанг-Рим-ээс бусад нь дэлхийн аваргын цолоо хамгаалахаар барилдана. Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Д.Өлзийбаяр нар өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.


“Токио-2019” ДАШТ-д зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энх-Отгон, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д О.Мөнхцэцэг нар багтжээ.


Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар хүчээ сорих юм.

Холбоотой мэдээ