Тооллогыг хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем ашиглан хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-21 13:15:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд "Байшин орон сууцны тооллого-2019" арга хэмжээ өрнөж байна.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн тооллогын комисс, 20 сум, 105 багийн Засаг даргаар ахлуулсан тооллогын комисс, түр товчоодод 32 тоологч ажиллахаас гадна тооллогын зохион байгуулалтыг аймгийн Статистикийн хэлтэс хариуцан ажиллаж байна.

Байшин, орон сууцны 2019 оны тооллогыг улс хоршооллын байгууллагаас 1960 онд хийсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулж байгаагийн зэрэгцээ хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем ашигласан, мэдээлэл цуглуулалтын шинэ аргыг ашиглаж буйгаараа онцлог аж. 

Байшин орон сууцны тооллогоор баг, сум, аймаг, улсын хэмжээнд бүх айл өрхийн сууцны төрөл, нөхцөл, байшин орон сууцны мэдээллийн сан, фонд анх удаа үүсч байгаараа ач холбогдолтой. Тооллогын үр дүн, тайлан мэдээлэл нь улс, аймаг, сум багийн төлөвлөлт, хөгжлийн төлөвлөгөөний үндсэн суурь бааз болох бөгөөд улсын хэмжээнд анх удаа анхан шатны нэгж болох баг, сумын хэмжээнд хаягийн зурагт суурилсан цахим мэдээллийн сан бий болж байгаа аж.

Байшин, орон сууцны суурь тооллогыг дэлхийн ихэнх улс орнууд хаягийн бүртгэлд суурилан явуулж байна. Ингэснээр хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг оновчтой боловсруулахад шаардагдах тоо мэдээллийг бүрдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход хэрэгцээтэй анхдагч мэдээллийг бүрдүүлэх зэрэгт хаягт суурилсан Байшин, орон сууцны тооллого ихээхэн ач холбогдолтойг албаныхан тайлбарлаж байна.

Холбоотой мэдээ