Томуугийн үндэсний төвүүдийн олон улсын зөвлөгөөн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-08-21 13:05:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн өмнөд Ази болон Номхон далайн Баруун бүсийн орнуудын томуугийн Үндэсний төвүүдийн олон улсын 13 дугаар зөвлөгөөн" 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас хамтран манай улсад анх удаа зохион байгуулж буй, гурван өдөр үргэлжлэх энэ зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ын төв оффисын болон Бүсийн төвийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын Халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож байна. Тэд  дэлхий дахины томуу, томуугийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж харилцан туршлагаа солилцох юм.

Уг зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэллээ.


Энэ удаагийн Үндэсний төвүүдийн олон улсын зөвлөгөөнөөс хүйтэн сэрүүний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар бүс нутгийн орнуудын Засгийн газар, эрүүл мэндийн байгууллага, нийт ард иргэдэд хандсан Зөвлөмжийг батлан гаргана.

Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжил, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн өнөө үед томуугийн халдвар хил хязгааргүй дамжин тархах болсон. Тухайлбал, 2009 онд урьд өмнө нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн A(H1N1) хэвшинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар анх бүртгэгдэж, 3 сарын дотор цар тахлын хэмжээнд хүрч дэлхийн 100 гаруй улс орныг хамарч байсан удаатай. Иймд томуу, томуугийн цар тахлаас сэргийлэх арга хэмжээг ДЭМБ төдийгүй улс орнууд хамтран зохион байгуулж, ихээхэн анхаарал хандуулах болсны нэг илрэл нь энэхүү олон улсын зөвлөгөөн юм.

Манай улсын хувьд, жил бүр томуугийн улирлыг угтуулан зорилтот бүлгийн ард иргэдээ томуугийн вакцинд хамруулах болсноор өвчлөлийг тогтоон барьж, цар тахлаас урьдчилан сэргийлж байна. Сүүлийн жилүүдэд ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр болон Засгийн газрын санхүүжилтээр томуугийн вакцины захиалгын тоо хэмжээг тогтмол нэмэгдүүлсээр байгаа аж.

Холбоотой мэдээ