Тарвага агнахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-08-21 21:08:07

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээллийг өгч байна. Тарвагыг хууль бусаар агнах, агнасан тарвагыг зарах, хадгалах, тээвэрлэхмахыг нь хоол хүнсэнд хэрэглэх, түүхий эд, эрхтнийг эмчилгээний зорилгоор ашиглах зэрэг нь тарваган тахал өвчнөөр өвдөх өндөр эрсдэлийг дагуулдаг аж. 

Манай улсад 2017 оноос эхлэн тарвага агнахыг 3 жилийн хугацаатай хориглоод байгаа. Хэрвээ зөвшөөрөлгүйгээр тарвага агнавал Зөрчлийн тухай хуулиар тухайн иргэнийг 300 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна. Мөн улсын тусгай хамгаалалттай газраас тарвага агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох болон 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. Иймээс ард иргэд та бүхэн тарвага агнах, худалдан авах, худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхаарууллаа. 

 

Холбоотой мэдээ