“Hayabusa-2” чулууны сорьц бүхий бортогоо Австралид буулгана

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-08-23 10:13:13

ТОКИО. /Kyodo/. Ирэх оны сүүлээр дэлхийд буцаж ирэх “Hayabusa-2” сансар судлалын төхөөрөмж “Рюгү” бага гарагийн чулууны сорьц бүхий бортогоо /capsule/ Австралийн зүүн нутгийн цөлд буулгахаар болсон талаар Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ мэдээлжээ. 


Японы мэргэжилтнүүд 2010 онд "Hayabusa" төхөөрөмжийн бортогыг Вумера тосгоны баруун хойд хэсэгт газардуулж байсан бөгөөд энэ газрын үйл ажиллагааг Австралийн нисэх хүчин хариуцдаг ажээ. 


“Hayabusa-2” дэлхийгээс 250 сая километр зайд оршдог “Рюгү” бага гарагаас энэ оны 12 дугаар сард хөөрөхөөр төлөвлөжээ. Өмнө нь “Hayabusa” төхөөрөмж бортогоо салгасны дараа дэлхийн агаар мандалд шатсан тул уг алдааг давтахгүйн тулд "Hayabusa-2” сорьцтой бортогоо буулгасны дараа даалгавраа үргэлжлүүлэн явуулна. 


“Рюгү” бага гарагийн амьдралын гарал үүсэл, нарны аймгийн хувьслыг судлах зорилгоор "Hayabusa-2” уг гарагийн гадаргуу дээр хиймэл тогоо үүсгэж, чулууны сорьц цуглуулсан юм. Японы баруун өмнөд нутагт байрладаг Танэгашима сансрын төвөөс 2014 оны 12 дугаар сард хөөргөсөн “Hayabusa-2” төхөөрөмж “Рюгү” бага гарагт өнгөрсөн оны зургадугаар сард хүрч, хоёр удаа газардсан билээ. 

Холбоотой мэдээ