Монгол Улс роботын хөгжлөөр дунд шатанд явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-23 16:28:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Буянт-Ухаа" цогцолборт "Abu robocon-2019 Mongolia" олон улсын тэмцээн энэ сарын 25-27-нд болно.


Тус тэмцээний зохион байгуулагчид өнөөдөр /2019.08.23/ "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Японы NHK телевиз анх 1991 онд санаачилсан уг тэмцээнд оролцогч Монголын баг үндэснийхээ уламжлалт наадгай болох шагай орхих тоглоомыг роботоор гүйцэтгүүлж шагай хаяж, морь буулгах юм байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй оюутан залуус дугуйт робот биш, дөрвөн хөлт алхдаг робот зохион бүтээж оролцоно гэдгээрээ шинэлэг байх аж.

Танин мэдэхүй, шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой уг тэмцээнийг сонирхогчдын тоо жилээс жилд цөөрч, цар хүрээ нь хумигдаж байгаа нь анхаарал хандуулахуйц асуудлын нэг болжээ. Өнөөдөр инженер сэтгэлгээтэй цөөн хүмүүс л энэ тэмцээнийг үздэг болсон нь шинжлэх ухааны салбар орхигдох болсны үр дагавар юм. Техник технологийн эрин зуунд амьдарч буй энэ цаг үед “Робокон” төслөөр дамжуулан шинжлэх ухааны хөгжил дэвшил нэг шатаар ч болов ахих, ирээдүйд инженерийн боловсон хүчин нэмэгдэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй гэдгийг монголчууд мартаж байгаа нь харамсалтай.

“Тэмцээний бэлтгэл ажил хангагдсан. Энэ тэмцээнд Монголын дүрмээр дөрвөн хөлт роботыг “Робокон”-ы 17 жилийн түүхэнд анх оруулж ирж байна. Өнгөрсөн жилүүдэд дугуйтай роботын хөгжил дэлхийн улс орнуудад дээд хэмжээнд хөгжсөн. Бид ийм дүрмээс бусад улс орнуудтай өрсөлдөхөд хөгжлийн хувьд хангалтгүй байсан. Иймд Монголын дүрэмд дугуйтай биш, явдаг роботууд байх ёстой гэж үзсэн. Энэ утгаараа монгол морийг бэлгэдэж, дөрвөн хөлт автомат робот байхаар дүрэмд тусгасан. Дүрмийг өнгөрсөн оны наймдугаар сард Вьетнамын тэмцээний хаалтын үеэр танилцуулсан. Энэ үеэр “Робокон” тэмцээнд амжилттай оролцдог Япон, Вьетнам, Хятад зэрэг улсын оюутнууд гайхширч “чадах болов уу” гэсэн эргэлзээтэй хүлээн авсан л даа. Манай улсын дүрмээр Ази номхон далайн бүсийн 16 орон өрсөлдөж, үндэсний аваргууд нь Монгол Улсад ирж буй энэ юм. Монгол Улс “Робокон” тэмцээнд 2002 оноос оролцож эхлэхдээ механик шийдлээр оролцож байсан бол сүүлийн жилүүдэд автомат роботоор өрсөлдөх болсон. Монголчууд робот гэхээр их хол хөндий хүлээж авдаг л даа. Гэхдээ гарын доорх материалаар хүн бүр робот бүтээж болно. Жишээ нь, түмний ундааны саваар ч хийж болно шүү дээ. Үүнийг хүүхэд залууст танин мэдүүлснээр инженер техник сэтгэлгээг нь хөгжүүлж, шинжлэх ухааны салбарт болон ирээдүйд инженерийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой” хэмээн “Аbu robocon-2019 Mongolia" олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров ярьсан юм.


"Манай улсад роботын технологийн хөгжил дэлхийн улс орнуудтай харьцуулахад дунд шатандаа явна" гэж Японы талаас дүгнэжээ. Энэ тухай “Аbu robocon-2019” төслийн ерөнхий зохион байгуулах хорооны дарга Арай Томохиса: “Робокон тэмцээнд жил бүр олон улсаас 17 баг оролцдог. Энэ улс орнуудтай харьцуулахад роботын хөгжлийн түвшнээрээ дунд шатанд хөгжиж л яваа гэж үзэж байна. Монгол Улс “Робокон” тэмцээнд 2002 оноос оролцож эхэлснээс хойш 18 жилийн түүхэнд анх удаа эх орондоо зохион байгуулж байна. Тэмцээнийг зохион байгуулсан улс оронд шинжлэх ухааны хөгжил дэвшилд тодорхой ахиц үр нөлөө үзүүлдэг нь улс орнуудын туршлагаас харагддаг. Тиймээс Монголын хүүхэд залууст “Робокон”-ыг танин мэдүүлэх нь чухал” гэлээ.

“Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн бөгөөд хамгийн дээд амжилт бол 2004 онд дэд байр эзэлж байв.

Холбоотой мэдээ