Өвөрхангай аймгийн төвд автомашины зогсоол хүрэлцэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 09:01:36

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд хүн амын тоо жилээс жилд өсч байгаатай уялдан авто машины тоо ч эрс нэмэгдэж байна. Гэтэл авто зогсоол хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан замын нэгдүгээр эгнээнд машин тавьж, шүргэлцэх, түгжрэх зэрэг асуудлууд гарах нь ихсэж байгаа юм.

Аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Арвайхээр сумын удирдлагуудад авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, стандартын дагуу байгуулах тухай албан шаардлагыг аль өнгөрсөн онд тавьсан ч хэрэгжүүлэхгүй байгаа гэнэ. Хэрэв энэ оны урин дулаанд авто машиныхаа зогсоолыг стандартын дагуу нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй бол эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцно гэдгийг тус албаны дарга С.Бямбасүрэн хэлж байлаа. Одоогоор Арвайхээр суманд ерөнхий боловсролын Нэг дүгээр сургууль, Мэргэд сургууль, төв зах, банкууд зэрэг олон газрууд машины зогсоолгүйгээс болж иргэдэд хүндрэл учруулж байгаа юм.

Түүнчлэн ихэнх замын тойрог, уулзвар дээр харагдах орчин хязгаарлагдмал бөгөөд өндөр хайс хашаа, модны цаанаас гэнэт хүүхэд, мотоцикль, нохой, үхэр мал гараад ирдэг нь осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

“Автозогсоолын ерөнхий шаардлага”, “Монгол Улсын стандарт”-аар аливаа байгууллага, нийтийн эзэмшлийн талбайд авто машины зогсоол хүрэлцэхүйц хэмжээнд байж, хүрэлцэхгүй тохиолдолд нэмж зогсоол байгуулах тухай заасан байдаг. Мөн захын 50 худалдах цэг тутамд автомашины дээд хязгаарыг 25, худалдааны төвийн 100 мкв талбайд автомашины дээд хязгаарыг 7 байхаар заасан байдаг ажээ. Мөн автомашины эзлэх талбай, зай хэмжээг баримтлан зогсоолын тээврийн хэрэгсэл байрлах байрлалыг цагаан зураасаар, аюулгүй тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглэж, зориулалтын байрлалаас бусад хэсэгт автомашин байрлуулахыг хориглодог журамтай юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ