Дулааны станц барих ажлын хэсгийнхан Архангай аймагт ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-27 21:33:54

Архангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Цэцэрлэг хотод дэвшилтэт технологийн Дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ барихаар болсон. Үүний хүрээнд энэ сарын 13-16-нд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан БНСУ-ын “Ки-Ди-Эйч-И-Си” (KDHEC) компани болон мэргэжилтнүүд Дулааны станц, дулаан дамжуулах төвүүд болон дулаан дамжуулах шугамын зураг төсөл боловсруулахаар Архангай аймагт ажиллалаа.  

Тус ажлын хүрээнд шинээр барих Дулааны станц, дулаан дамжуулах төвүүдийг барихаар төлөвлөж буй газрын байршил ба цахилгаан, цэвэр ус хангамж болон бохир ус зайлуулах системд холбох техникийн нөхцөл, дулаан дамжуулах шугамын трасс явах боломжит хувилбаруудыг судалж, газар дээр нь үзэж танилцлаа.

Монгол Улсын хэмжээнд 10 аймгийг “Төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-д БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр хоёр улсын Засгийн газар тохиролцож, зээлийн гэрээг байгуулсан юм. Уг төслийн хүрээнд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологийн дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ барьж, хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар тогтмол хангахааар төлөвлөсөн ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байгаа аж. Мөн Монгол Улсын Сангийн сайдын тушаалаар төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ