G7: Товчхон хамтарсан мэдэгдэл буюу санал зөрөлдөөнийг гэтлэх оролдлого

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-08-28 14:53:14

Даваа гарагт Атлантын далайн эрэгт орших Францын амралт сувиллын Биарриц хотод  хөгжингүй эдийн засагтай орнуудын G7-гийн бүлгийн 45 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өндөрлөж, гишүүн улсуудын удирдагчид 5 бүлэг бүхий маш товчхон буюу ганцхан хуудсанд багтах хамтарсан мэдэгдэл гаргалаа.


G7 бүлэгт нэгдсэн АНУ, Канад, Их Британи, Франц, Герман, Япон, Италийн удирдагчид хоорондоо санал бодлын нэлээд зөрүүтэй байгаа учраас  уулзалтын үр дүнгийн талаар ямар нэгэн баримт бичиг гаргана гэдэгт шинжээчид эргэлзэж байв. Учир нь, өнгөрсөн онд Канадад болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзан, уулзалт дуусахаас өмнө нутаг буцаж байсан билээ.


G7-г даргалж буй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус уулзалтад оролцуулахаар Энэтхэг, Австрали, Чили, ӨАБНУ, Египет, Буркина-Фасо, Сенегал, Руанда улсын төлөөлөгчдийг урьж ирүүлснээс гадна Европын Холбоо ба Африкийн Холбооны төлөөлөл оролцжээ.  Энэ удаагийн саммитад хүрэлцэн ирсэн цорын ганц шинэ хүн бол 7 дугаар сард Их Британийн Ерөнхий сайдаар томилогдсон Борис Жонсон юм. Харин хэдхэн хоногийн өмнө огцорно гэдгээ мэдэгдсэн Италийн Сайд нарын зөвлөлийн дарга Жузеппе Конте-гийн хувьд Биаррицегийн уулзалт сүүлчийнх байлаа. 


Жил бүр болдог саммитын үеэр уламжлал ёсоор тэгш бус байдлыг халах, биологийн олон төрөл зүйлүүдийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, терроризмыг сөрөн зогсох, мэдээллийн технологи ба ардчиллыг хамгаалах зэрэг дэлхийн хэмжээний глобал асуудлуудыг хэлэлцлээ. Харин энэ удаад хэвлэлийнхний анхаарлыг хамгийн ихээр татсан зарим асуудлын талаар дэлгэрүүлж дурдая.


G8-ыг сэргээхийг дэмжсэнгүй


Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу бямба гарагт Орос улсыг G7-д буцаан оролцуулснаар “Их 8”-ыг дахин бий болгох” тухай саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дэвшүүлсний дараа нэлээд халуун маргаан өрнөжээ. Гэтэл энэ нь уулзалтаар хэлэлцэх гол асуудал огт биш байлаа. Оросыг Их7-д буцаан нэгтгэх нь дэлхийн дахины аюулгүй байдал, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэхэд чухал ач холбогдолтой гэж Америкийн Ерөнхийлөгч үзэж байгаа аж. G8 гэдэг бүлэг 1998 онд бий болж байсан бол 2014 онд Крым, Украины асуудлаас үүдэн барууны орнуудын төрийн тэргүүн нар Сочид болох байсан уулзалтад ирэхээс татгалзан Оросыг оролцуулалгүйгээр Брюссельд цуглаж уулзсанаас хойш G7 бүлэг болж хувирсан юм.

Жилийн өмнө Трамп Оросын талаарх дээрх саналыг дэвшүүлж байсан боловч Европын орнууд дэмжээгүй. Харин энэ удаад огцрох нь тодорхой болсон Италийн Ерөнхий сайд Конте уг саналыг дэмжсэн бол Шинзо Абэ “төвийг сахисан” байр суурьтай байв. Харин Б.Жонсон, А.Меркель, Ж.Трюдо, Э.Макрон нар эсэргүүцжээ. 


Гэхдээ Макрон эрс шууд эсэргүүцээгүй бөгөөд Украины хямралыг зохицуулсны дараа л G8-ын талаар ярилцъя гэсэн байр суурьтай байв. Украины асуудал шийдэгдээгүй байгаа энэ үед Оросыг оролцуулан “Их8”-ыг дахин сэргээх аваас дэлхийн том гүрнүүд сул талаа харуулсан хэрэг болно хэмээн Францын Ерөнхийлөгч болгоомжилж байгаа аж.


Ангела Меркелийн байр суурь гэвэл, Украины хямралыг шийдвэрлэх асуудалд ахиц дэвшил гараагүй гэдгийг дурдсан нь үндсэндээ Трампын саналыг хүлээж аваагүй гэсэн үг. Харин Б.Жонсоны үзэж байгаагаар, Оросыг буцаан нэгтгэхийн тулд тодорхой үндэслэл шалтгаан байх ёстой ажээ. Канадын Гадаад харилцааны сайд Кристина Фриланд хэлэхдээ, Орос улс G7-д эргэн нэгдэх асуудал нь Крымыг Украинд буцааж өгөх, Донбасс дахь дайныг зогсоох асуудалтай холбоотой гэж шуудхан мэдэгдсэн байна.


Харин оросуудын хувьд, G7 бүлэгт буцаж орох сонирхолгүй байна. Хэдхэн хоногийн өмнө Францад айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “бид 7-гийн бүлгийн орнуудтай хэлхээ холбоо тогтоохоос цааргалахгүй ээ, харин G8 гэсэн талбар /формат/ цаашдаа бий болохгүй” гэж шуудхан мэдэгдсэн юм.


Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков-ын дүгнэн хэлснээр, G7-д эргэж орно гэдэг бол Оросын хувьд зорилго биш, нөгөөтэйгүүр, Хятад, Энэтхэг зэрэг улсыг оролцуулахгүйгээр дэлхий дахиныг хамарсан асуудлуудыг хэлэлцэх нь үр дүн муутай ажээ. Харин G20 гэсэн формат илүү үр ашигтай механизм болж чадах аж.  Дашрамд дурдахад, 1980-аад оны үед G7-гийн орнууд дэлхийн ДНБ-ний 70 орчим хувийг үйлдвэрлэж байсан бол одоо 50 хувиас доошилсон байна.  


Энэ тухайд Оросын шинжээч Д.Егорченков дүгнэн хэлэхдээ “G7 нь европчууд ба америкчууд хоорондоо байр сууриа уялдуулан зохицуулах талбар болсон учраас Орос улсыг түүнд буцаан нэгтгэх тухай мэдэгдэл нь инээдэмтэй зүйл” гэлээ.


Барууны орнуудын тусламжаас Бразил татгалзав


Биарриц хотод G7-гийн уулзалт эхлэхийн өмнөхөн Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэхдээ, Амазоны ойд дэгдсэн түймэр бол “олон улсын хэмжээний экологийн хямрал” гэж дүгнээд Бразилын Ерөнхийлөгч Ж.Болсонару-г уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж буруутгажээ. Хариуд нь Болсонару ойн түймрийг унтраах талаар Францын гаргасан саналыг “колонийн үеийн сэтгэлгээний үлдэгдэл, Макроны улс төрийн амбицын илрэл” гэж шүүмжилсэн байна. Францын Ерөнхийлөгч Амазоны сав газрыг “хэний ч биш дундын нутаг дэвсгэр, колонийн газар нутаг” мэтээр үзэж, “Бразил улсыг үл хүндэтгэсэн хандлага гаргасан” нь Латин Америкийн Трамп гэгддэг Болсонаруд огт таалагдсангүй. Тэрбээр ойн түймрийг унтраахад тусалъя гэсэн барууны орнуудын саналаас татгалзлаа.

Саммитын үеэр Амазоны ойд дэгдсэн түймрийг унтраахад G7-гийн орнууд 22 сая долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг мөнгийг гал унтраахад ашиглаж буй нисэх онгоцнуудын түлш шатахуунд зарцуулах аж. Он гарснаас хойш дэлхийн уушги гэгддэг Амазоны их ойн 1,8 сая гаруй га талбай галд өртөн устсан нь хиймэл дагуулын зургаас харагдаж байгаа бөгөөд сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд ойн түймэр хүрээгээ огцом тэлсэн байна. 


Худалдааны дайн ба Хонконг


"G7"-гийн орнуудын удирдагчид дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ "нээлттэй, шударга худалдаа" хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Үүний тулд “оюуны өмчийг хамгаалах, маргаан, санал зөрөлдөөнийг түргэн шуурхай шийдвэрлэх болон шударга бус худалдааг арилгахын тулд Дэлхийн Худалдааны байгууллагыг шинэчлэхийг” дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


Хэдийгээр Америк-Хятадын худалдааны дайны асуудал нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч Биаррицийн саммитын үеэр Д.Трамп “Хятадын дэд дарга надтай холбогдож, импортын татварын асуудлаар хэлэлцээ хийхийг санал болгосон” хэмээн товчхон мэдээлэл хийсэн нь шинжээчдийн анхаарлыг татлаа.


“Сүүлийн саруудад хятадууд хүнд цохилт амслаа. 3 сая ажлын байр үгүй болсон. Хятадад үйлдвэрлэлийн гинжин хэлхээ нь тасарна. Ийм учраас тэд бидэнтэй тохиролцохыг хичээж байна” хэмээн Америкийн Ерөнхийлөгч хэлжээ. Харин Америкийн үйлдвэрлэгчид, фермерүүд ямар хохирол амссан бэ гэдэг талаар тэрбээр ярьсангүй.  


Жилийн өмнө АНУ-БНХАУ-ын хооронд дэгдсэн худалдааны дайн нь дэлхийн зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгэснээр дэлхийн ДНБ-ний өсөлт таамагласнаас 1 хувиар доогуур байх болно гэж Блүүмбэрг дүгнэжээ. 


Худалдааны дайнаас гадна "G7"-гийн удирдагчид Хонконгт болж буй үйл явдалд түгшиж буйгаа илэрхийлсэн байна. Тэд "Хонконгтой холбоотой 1984 оны Хятад-Британийн тунхаг хүчинтэй хэвээр байгаа гэдгийг дурдаад, хүчирхийллээс зайлсхийхийг Хятадын талд уриалсан байна.


Ираны сайдын гэнэтийн айлчлал


Европ тивийнхэн эсэргүүцсээр байсан боловч Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ыг Ираны цөмийн гэрээнээс гаргаснаас хойш Персийн буланд байдал түгшүүртэй болж, зэвсэгт мөргөлдөөн дэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн билээ. Харин Биаррицийн уулзалтын дараа Д.Трамп Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани-тай ойрын үед уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Ийм шийдвэр гаргуулахын тулд Францын Ерөнхийлөгч Э.Макрон ихээхэн хүчин чармайлт гаргасан гэдгийг ажиглагчид тэмдэглэн хэлж байна.  Үүнийг нотлох нэгэн шуугиант үйл явдал бол  Ираны Гадаад харилцааны сайд Мохаммад Жавад Зариф ням гарагт хүрэлцэн ирж, Э.Макрон болон Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан нартай хийсэн уулзалт юм. Ираны сайдын гэнэтийн айлчлалын зорилго нь Иран-АНУ-ын хооронд үүссэн түгшүүртэй байдлыг намжаахад чиглэсэн Макроны санаачилгатай танилцах явдал байсан ажээ.

Ираны цөмийн асуудлын талаар уулзалтын үр дүнгийн талаарх хамтарсан мэдэгдэлд  “Ираныг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй байх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад тус дөхөм болох гэсэн хоёр зорилтыг бид тавьж байна” гэж дурджээ.  


Бүс нутгийн хямралууд - Умард Солонгос, Ливи, Украин


Биаррец хотод болсон АНУ, Японы удирдагчдын уулзалтын үеэр Шинзо Абэ Умард Солонгосын тал саяхан пуужингийн туршилт хийснийг эрс буруушаагаад, энэ үйлдэл нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна гэж мэдэгджээ. 


Умард Солонгосын тал 17 сар завсарласныхаа дараа 7 дугаар сараас хойш 7 удаа пуужин харваж туршаад байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт гэхэд, умардынхан Япон тэнгисийг чиглүүлэн ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харважээ.


Гэтэл Абэтэй уулзах үеэрээ Д.Трамп Умард Солонгосын зүгээс учруулж буй пуужингийн аюулд төдийлөн санаа зовсон шинжгүй байлаа. Умардын пуужингийн тухайд Трамп хэлэхдээ “энэ бол баярлахаар сайхан зүйл биш, гэхдээ Пхеньян гэрээг зөрчлөө гэж үзэхгүй байна. Ким Жөн Ун ганцаараа пуужин туршаагүй шүү дээ” гэсэн нь шинжээчдийг алмайруулав.


Хойд Африкт дэгдсэн хямралын тухайд, Ливид яаралтай гал зогсоох, хямралыг улс төрийн арга замаар зохицуулах шаардлагатай гэдгийг "G7"-гийн удирдагчид цохон тэмдэглэжээ. “Энэ бол Ливид байдлыг тогтворжуулах цорын ганц арга зам” гэдгийг мэдэгдэлд онцлон дурдаад хямралыг зохицуулахын тулд мөргөлдөөнд оролцогч бүх талын төлөөлөл ба бүс нутгийн улс орнуудыг оролцуулан олон улсын бага хурал зохион байгуулахыг  уриалсан байна.


Эцэст нь, Украины хямралыг зохицуулах асуудлаар Франц болон Герман улс тодорхой үр дүнд хүрэхийн тулд ойрын үед Нормандын талбар /формат/ гэсэн хэлбэрээр  дээд хэмжээний уулзалт зохион байгуулна гэдгийг хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ