"37-р точка"-д Монголын тод томруун үйл явдлуудыг өгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-29 12:26:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Удахгүй нээлтээ хийх гэж буй “37-р точка” киноны тухай "Фантастик" продакшныхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр найруулагч Б.Тамираас шинэ уран бүтээлийн нь тухай тодруулсан юм.

 

 -“37-р точка” кино бусад уран бүтээлээс  юугаараа онцлогтой болсон бэ?

-Энэхүү уран бүтээл “Фантастик” продакшны анхны олон ангит кино. Өөрсдийн хийсэн бүтээлийг үзэгчдээсээ үнэлгээ авч байж сайн, мууг нь мэднэ. Өмнө нь Монголд бүтээж байсан олон ангит  киноноос “37-р точка” бүхэлдээ онцлог. Ер нь “Фантастик” продакшн уран бүтээл хийх бүртээ цензур тогтоох  зорилготой ажилладаг. Ямар ч байсан, Монголд энэ хэмжээнд олон ангит кино хийж байгаагүй. Киноны нэг ангийг гэхэд л  бүрэн хэмжээний киноны дайтай хөдөлмөрлөж бүтээсэн гэдгээрээ их онцлогтой.

Кино бүтсэн түүх сонин байдаг даа. Юу өгүүлэхийг  зорьсон бэ?

-Кино тэр чигтээ л хүний амьдралыг өгүүлэх болно. 37-р точкад амьдардаг хэсэг залуус явсаар байгаад Улаанбаатарт ирж байгаа үйл явдал гарна. Цаг хугацааны хувьд яг тэдэн он гэсэн юм байхгүй. “Фантастик”-ийн залуус маань киноны ихэнх үйл явдлыг ийм цаг үе байсан бол гоё байхдаа гэсэн өөрсдийнхөө төсөөллөөр сэтгэж гаргасан. Энэ бүхэн Монгол Улсад болж байсан тод томруун үйл явдлуудтай холбогдоно. Кино маань үндсэн үйл явдлаар нь хуваасан нийт хоёр бүлэгтэй, бүлэг бүр нь 10 ангиас бүтэж байгаа. Скаймедиа видео санд киноны нэгдүгээр бүлэг есдүгээр сарын 12-нд орох бол  есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн "Стар ТВ "болон" NTV" телевизээр үзэгчдийн хүртээл болно. Анги бүрийг долоо, долоо хоногийн зайтайгаар үзэгчдэдээ хүргэх юм.

-Киногоо долоо, долоо хоногийн зайтай үзэгчдэд хүргэх нэгэн учир байгаа л байх даа?

-Сүүлийн хэдэн жил “Game Of Thrones” телевизийн цуврал дэлхийг байлдан дагууллаа. Тус кино олон хоногийн зайтай гарахад бид  үзсээр л байсан шүү дээ. Манай үзэгчид тэрхүү соёлд суралцсан  гэж бодож байна. Киноны хоёр бүлэг дууслаа гэхэд цааш үргэлжлүүлэн хийх эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна.  Кино маань үзэгчдийн таашаалд хэр нийцэхээс шалтгаална.

-Кинонд 1970-1980 оны  үйл явдлыг харуулсан гэл үү? Олон жилийн өмнөх байдлыг харуулахад амаргүй л байсан байх?

-Хуучин цагийн  объектуудын ихэнхийг нь өөрсдөө хийсэн. Тухайн үеийн олон ч объектыг бид өөрсдөө зассан. Нэг объектыг 7-8  хувиргаж ч байсан. Эмнэлэг, цагдаа, нийтийн байр, бүжгийн клуб, сургууль, шорон гээд л… Энэ дашрамд хэлэхэд, хуучны барилга байшингуудыг өв соёл болгож авч үлдэх тал дээр төр  анхаарахгүй бол дараа, дараагийн уран бүтээлчид 1970-1980 оны кино хийе гэхэд хэцүү болохоор санагдаж байсан шүү.

-Кинондоо яагаад "Точка" гэсэн орос үгийг ашигласан юм бэ? 

 -"Точка" гэдэг үгийг задлаад үзэхээр цэг гэсэн утгатай. Хүмүүс цэг гэдэг утгаар  нь биш орос хэллэгээр нь бодоод байгаа. Харин 37 нь миний утасны дугаарын тоо. 

  

Холбоотой мэдээ