Багш нарын бага хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-28 21:16:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Багш нарын бага хурал боллоо. Хуралд аймгийн 1600 багш нарыг төлөөлж 500 гаруй багш болон аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн НБХ-ийн дарга Н.Цасчихэр, аймгийн БСУГ-ын дарга Гантулга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батжаргал нар оролцов.

Бага хурлаар өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтыг танилцуулж энэ хичээлийн жилд хэрхэн ажиллах, ямар бодлого баримтлах талаар хамтдаа ярилцлаа.

Өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 46 цэцэрлэгийн 261 бүлэгт 8513 хүүхэд, 947 багш, ажиллагсад ажиллажээ. Харин ерөнхий боловсролын 27 сургуульд 20385 хүүхэд, 1556 багш ажиллаж, бага болон суурь боловсролын хамран сургалт 100 хувь, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 93,4 хувьд хүрчээ. 
Боловсролын салбарын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд орон нутгийн зүгээс ямар ажлуудыг авч хэрэгжүүлсэн талаар бага хурлын үеэр хэлсэн үгэндээ аймгийн Засаг дарга С.Насанбат дараах зүйлийг онцолж байлаа. “Хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хирээр сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд 2019 онд 8 цэцэрлэгийг шинээр барих, өргөтгөх, засварлахад 7,2 тэрбум төгрөг, Од, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн спорт заалны өргөтгөлд 1,1 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хүүхдийн сурч боловсрох, хөгжих, багш ажилчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. 
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 960 хүүхдийн сургуулийн барилгыг барихаар ажиллаж байна. Мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, аймгийн ИТХ-ын холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн салбарт хэрэгжих Багшийн хөгжил, Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг, Залуучуудын боловсрол, хөгжил, Хүний хөгжил, Спортлог Дарханчууд, Эрүүл Дарханчууд, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаар онцолсон юм.
 

Өнгөрсөн хугацаанд буюу 2016 онд Боловсролын салбарт 112.0 сая төгрөг, 2017 онд 4.4 тэрбум төгрөг, 2018 онд 6.3 тэрбум төгрөг, 2019 онд 15.8 тэрбум төгрөг нийтдээ 2016-2019 онд 34.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.

Холбоотой мэдээ