Малчдад чадамж олгох сургалтыг дахин явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-29 14:00:12

Завхан /МОНЦАМЭ/. Малчдад чадамж олгох сургалтыг энэ жил дахин явуулна.

Энэ сургалт малчдыг жилийн дөрвөн улиралд малдаа хэрхэн тарга тэвээр авахуулах, хэдээс хэдэн сард отор нүүдэл хийх, мал сүргийн эргэлтийг хэрхэн төлөвлөх, өрхийн орлого, зарлагаа тооцож малын гаралтай түүхий эдийг зах зээлд хэрхэн борлуулж чаддаг болох вэ гэхчлэн мэдлэг чадамж олгодог аж.

Дээрх сургалтыг өнгөрсөн жил хоёр дахь удаагаа “Бизнес төлөвлөгөө боловсруулах” нэртэй долоо хоногийн хугацаатай зохион байгуулж, Завханы таван сумын 60 гаруй малчин хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Завханы 13 сумын 140 малчин энэхүү сургалтад хамрагдсан байна. Харин энэ жил тус сургалтыг үргэлжлүүлэн аймгийн ХХҮГ-аас зохион байгуулах гэж байна. Сургалтын хугацаа тодорхой товлогдоогүй байгаа нь цаг агаарын байдал, малчдын ид завгүй үе таарч байгаатай холбоотой ажээ.

Энэхүү сургалтын үр дүн маш сайн гарч байгаа. Малчид өрхийн хөгжлийн дэвтрээ хэрхэн яаж хөтлөх талаар мэдлэг авч чадамжийн гэрчилгээтэй болдог, арга туршлагатай ч болдог хэмээн сургалтыг зохион байгуулагчид мэдээлэв.

Дашрамд, Завханд орлого багатай цөөн малтай малчин өрхийн малын тоо толгой сүүлийн хоёр жил 7200 –аар өсөж өрхийн орлого 40 хувиар нэмэгдсэн мэдээ байна.

Холбоотой мэдээ