Кристина Нобелийн Хүүхдийн сан 60 оюутанд тэтгэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-29 15:25:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилд Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 оюутанд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.

Тэтгэлгийн батламжийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Кристина Нобелийн Хүүхдийн сангийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Томас Минтер нар өнөөдөр гардуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэтгэлэг гардуулах үеэр хэлэхдээ, “2018 онд 30 өрхийн 156 иргэн, 2019 онд 60 өрхийн 346 иргэнийг уг төсөлд хамруулж байна. Сонгон авсан 60 өрхийн амьдралыг бодит байдлаар дээшлүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд сургалтын тэтгэлгийг 100 хувь өгч байсан бол энэ жилээс гэр бүлийнх нь амьжиргааны түвшингээс хамаарч 30-100 хувь олгож байна. Үлдсэн төлбөрөө хүүхдүүд зуны амралтаараа ажил хийж хуримтлал үүсгэх маягаар олж байгаа. Бид ажил хийх боломжийг нь бүрдүүлж өгч байгаа” хэмээв.

2019-2020 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг олгох шалгаруулалтыг оюутан залуучуудын суралцах чадвар, сурах идэвх зүтгэл, нийгмийн идэвх санаачилга болон ар гэрийн нөхцөл байдал зэрэг шалгуураар хоёр үе шаттай зохион байгуулсан байна.


Олон улсын Улаанбаатар их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Ц.Отгонсувд, “Би солонгос хэлний орчуулагч мэргэжлээр суралцдаг. Кристина Нобелийн сангийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг өнгөрсөн жил 40 хувиар авч байсан бол энэ жил хоёр дахь удаагаа 50 хувиар хүртэж байгаадаа баяртай байна. Энэ бол манай гэр бүлийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр юм. Кристина Нобелийн Хүүхдийн сангийн хамт олон миний тууштай, өөртөө итгэлтэй занг үнэлж энэхүү  тэтгэлгийг олгосон байх” гэв.

Кристина Нобелийн Хүүхдийн сан 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан иргэн болгон төлөвшүүлэхээр ажиллаж байна. Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд 18 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 700 гаруй сая төгрөгийн тэтгэлгийг 600 орчим хүүхдэд олгожээ.

 

Холбоотой мэдээ