Сүрьэгийн эмч нар Бээжинд сургалтад хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-08-30 09:42:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг энэ сарын 31-нээс 9 дүгээр сарын 20-ныг хүртэл Бээжин хотод зохион байгуулна.

Энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн сүрьеэгийн 30 эмч мэргэжилтэн  хамрагдах юм.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл сургалтад хамрагдаж буй  эмч нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр хэлэхдээ, "2019 онд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ болон зүрх судасны өвчний чиглэлээр нийт 90 эмч мэргэжилтнийг сургалтад хамруулахаар харилцан тохиролцсоны дагуу сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх эхний ээлжийн сургалт болох гэж байна. Эдгээр сургалт нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүний нөөцийг бэхжүүлж чадавхжуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон хэлэх нь зүйтэй. Та бүхэн өөрийн байгууллагадаа нэр хүндтэй, олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, энэхүү сургалтад хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй манай чадварлаг эмч нар гэдгийг онцлон хэлмээр байна. Мөн өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллагадаа тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.

ЭМЯ-наас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэлээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалтыг монгол хэлээр зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой.

Холбоотой мэдээ