Дональд Трамп Польшид хийх айлчлалаа цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-30 09:55:59

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Флорида муж улс руу "Дориан" хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Польшид хийх айлчлалаа цуцалжээ. Түүний оронд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Варшавт айлчилна.  


“Холбооны улсын Засгийн газар бүхий л нөөц бололцоогоо ойртон ирж буй хар салхинд төвлөрүүлсэн эсэхийг магадалж шалгахын тулд би энэ амралтын өдрүүдэд өөрийнхөө оронд дэд Ерөнхийлөгч Майк Пенсийг Польшид илгээхээр шийдлээ.” гэж Америкийн удирдагч пүрэв гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-ны хооронд Польшид айлчлах ёстой байсан юм. Тэрбээр есдүгээр сарын 1-нд Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байжээ. Харин есдүгээр сарын 2-нд Польшийн эрх баригчидтай уулзаж, аюулгүй байдал, эдийн засаг, эрчим хүчний салбарт хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байв.


Тэрбээр Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай утсаар ярьж, “үүссэн нөхцөл байдалд уучлалт хүсээд”, Варшавт ойрын үед айлчилна гэж амлажээ.  


Холбоотой мэдээ