Хилчдийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг авах боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-31 12:57:57

Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын торгон хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж буй Баянтэс сумын 0277-р ангийн хилийн цэргийн албан хаагчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.

НҮБ-ын Хүүхдийн Cан нь 2007 оноос хойш БСШУЯ-тай хамтран алслагдсан баг, суурин газарт сургуулийн өмнөх боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор нүүдлийн гэр цэцэрлэгийг байгуулах, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг аргазүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа аж. Өнгөрсөн зун Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт дөрвөн нүүдлийн гэр цэцэрлэгийг шинээр байгуулан ажиллуулжээ. Баянтэс сумын алслагдсан баг болох, хилийн цэргийн ангийг түшиглэн байгуулсан нүүдлийн цэцэрлэгт хилийн застав болон хил орчмын нутаг дэвсгэрт амьдран сууж буй малчин өрхийн 20 гаруй хүүхэд хамрагдаж байна.

Хилчин бүлэг цэцэрлэгийн үндсэн бүлэг болж ажиллана

Завханы хойд чиглэл ОХУ-тай хиллэдэг Баянтэс сумын Хачиг, Буга согоот заставд "Хилчин" нэртэй цэцэрлэгийн шинэ бүлгийг өнгөрсөн жилээс эхлүүлэн ажилуулж эхэлсэн билээ.

Тэгвэл энэхүү бүлэг энэ жил өргөжиж хоёр бүлгээр ажиллахаар хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэл ажлаа хангажээ. Нэг заставд хамгийн багадаа сургуулийн өмнөх насны 20 орчим хүүхэд байдаг аж. Эдгээр хоёр бүлэг Баянтэс сумын цэцэрлэгийн нэг бүлэг болж үйл ажиллагаагаа явуулах юм байна. Эдгээр бүлгийн үйл ажиллагааг тогтворжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг өнгөрсөн жил үе шаттай хийж өнөөдөр хүүхдийнхээ тоог нэмээд буй аж. Ийнхүү хоёр застав цэцэрлэгтэй болсноор хилчдийн ажил, амьдралд томоохон хувь нэмэр боллоо хэмээн ангийн бие бүрэлдэхүүн ам сайтай байна. Харин заставын хилчин дайчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй тохиолдол их байдаг байжээ.

Сонирхуулахад, Баянтэс суманд өнгөрсөн жил 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдан сургуулийн өмнөх боловсролыг авчээ. Харин энэ хичээлийн жилийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг ид хийж байгаа тухай Завхан аймгийн БСУГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ