Бүтэн өнчин таван хүүг нэг өрөө байртай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-01 21:11:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 11/06 тоот шийдвэрээр Арвайхээр сумын 2 дугаар багийн иргэн Д.Шоовдор, түүний таван ач хүүд орон нутгийн төсвөөс нэг өрөө байр олголоо.

Хайртай хүү, бэрээ зуурдаар алдаж, таван нялх ачтайгаа үлдсэн өндөр настай эхэд туслах аяныг аймгийн БОЭТ-ийн Мэс засал, хавдар, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн хамт олон санаачлан өрнүүлж, төрийн албан хаагчид нэгдэн хандив, тусламж үзүүлж байсан юм.

Улмаар аймгийн удирдлагууд дэмжлэг үзүүлэн нэг өрөө байр олгож, өнөөдөр түлхүүрийг нь гардуулан өгсөн бөгөөд “Аймгийнхаа 117 мянган иргэний жаргал, зовлонг бид хуваалцаж байх учиртай” хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлж байв. Энэ үеэр шинэ байрных нь зарим нэг тавилгыг ч авч өгөх шийдвэрийг гаргалаа.

Д.Шоовдор гуай “Хорвоог орхиод одсон хүүхдүүд минь буцаад ирэх шиг л сайхан санагдлаа. Миний таван хүүхэд эрдэм номтой сайн хүн болж, ард түмнийхээ ачийг хариулнаа” гээд аймгийн дарга нар, эмнэлгийн хамт олон, ард түмэндээ баярлаж, талархаж буйгаа илэрхийлэн нулимс дуслуулж суусан юм.

Гарын таван хуруу шиг ач нараа энхрийлэн өсгөж суугаа Д.Шоовдор гуайдаа болон үр хүүхдүүдэд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ