В.А.Кокшаров: Халх голын ялалт нь эх оронч үзэл, найрамдлын үр дүн байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-09-03 17:17:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Орос (Зөвлөлт Холбоот улс)-т сургууль төгсөгчдийн болон ОХУ, Монголын залуучуудын чуулган өнөөдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвд боллоо.

Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан зохион байгуулж буй тус чуулганд Монголоос хуучнаар ЗХУ буюу одоогийн ОХУ-ын их, дээд сургуулийг төгссөн 300 гаруй төлөөлөл, ОХУ-аас тус улсын Холбооны хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлаг, Уралын холбооны их сургуулийн хөгжлийн сан, Уралын их, дээд сургууль төгсөгчдийн холбоо, ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, Байгалийн их сургууль, Уралын холбооны их сургууль, Новосибирскийн их сургуулийн захирал, профессоруудын төлөөлөл 20 гаруй хүн оролцож байна.

Чуулганы хүндэт зочноор Халх голын ялалтын 80 жилийн ойгоор манай улсад ирээд буй Оросын сансрын нисгэгч, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний албан ёсны айлчлалын хүрээнд манай улсад ирээд байгаа ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагийн тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова, Уралын холбооны их сургуулийн ректор В.А.Кокшаров, Ард түмний найрамдлын их сургуулийн дэд захирал, “ИНКОРВУЗ-21” төслийн удирдагч, хатагтай Л.И.Ефремова нар оролцлоо.

Чуулган өнөөдөр “ОХУ, Монгол Улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хөгжил-төгсөгчдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна”, “Орос хэл нэгдэн хөгжих үндсэн суурь болох нь”, “Халх голын дайн түүхэн ач холбогдол, үр дүн” гэсэн гурван сэдвээр салбар болон хуралдаж хэлэлцүүлэг өрнүүлэн, үдээс хойш нэгдсэн хуралдаан хийсэн юм. Нэгдсэн хуралдааныг ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагийн тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова нээж үг хэлэв.


Тэрээр, “Энэ сайхан үйл ажиллагаа, түүхт ойн жил Монгол Улсад анх удаагаа ирж буйд туйлын баяртай байна. Бид чуулганаараа тэр үеийн бидний нэгдсэн нэг дайсан байсан Японы милитаризмыг ялсан цэрэг-түүхийн сэдэвт анхаарлаа хандуулж байна. Энэ утгаар чуулган маань Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан болж буй бөгөөд хоёр ард түмнийг улам холбон, олон сорилтыг даван туулахад ойртуулсан Халх голын тулалдаан манай хоёр ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнх байх болно” гэдгийг онцолсон юм.

Мөн тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний албан ёсны айлчлалын хүрээнд Монголд ирж ажиллахдаа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нартай уулзаж, Монголд орос хэлний сургалтыг нэмэгдүүлэх, хоёр орны хамтарсан их сургууль байгуулах, ОХУ-д суралцагч монгол оюутнуудын тоог өргөжүүлэх талаар санал солилцсоноо хэлэв.


Чуулганы хүндэт зочдын нэг, ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн ректор В.А.Кокшаров хэлэхдээ, “Биднийг өнөөдөр манай монгол төгсөгчид, Халх голын ялалтын түүхт ой гэсэн хоёр зүйл уулзуулж байна. Энэхүү чуулганыг санаачилж зохион байгуулсан манай Уралын их, дээд сургууль төгсөгч монголчууд, тэдний холбоонд гүн талархаж байна. Жил бүрийн Халх голын ялалтын ойгоор энэ чуулганыг зохион байгуулж байх санааг дэмжиж байна” гэдгээ илэрхийлсэн юм.


Тэрээр, “Халх голын тулалдаан нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа, эх оронч үзэл санааг нэгтгэсэн талбар байсан юм. Энэ ялалт нь эх оронч үзэл, найрамдлын үр дүн байсан юм. Цаашид ч бидний хойч үеийнхний хамтын ажиллагаа, хоёр ард түмэн нэг нэгнээ хүндэтгэх найрамдлын талбар байх болно” гэдгийг онцолж байв. Энэхүү чуулганыг зохион байгуулахад идэвхтэй дэмжиж буй УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, албаны бусад хүмүүс, Уралд төгсөгчдийн холбоо, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, хамтран ажиллаж буй МУИС, ШУТИС-ийн удирдлага, хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.


Чуулганыг хөтлөгч ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Ч.Будаева болон Монгол-Оросын найрамдал нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа нар чуулганд оролцогчдод ОХУ-д төгсөгчдийн мэндчилгээ, сэтгэгдлийг дамжуулан хүргэсэн юм. ОХУ-д төгсөгчдийн нэг, УИХ-ын дарга Г.Занданшатар илгээсэн мэндчилгээндээ, “Манай чуулган түүхт ялалтын ойн өдрүүдэд болж буйгаар онцлог байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч манай оронд айлчилж ялалтын баярт оролцож буй нь монголчууд бидний хувьд том хүндэтгэл юм. Манай чуулган хоёр орны хамтын ажиллагааны нэг сайхан жишээ болж байна” хэмээн онцолсон байлаа.




Тэгвэл мөн төгсөгчдийн нэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Орос улсад Монгол Улсын бүтээн байгуулалтын салбар салбарын төлөөлөл төгссөн. ЗХУ манай улсад инженерүүдийн өнөр бүлийг бэлтгэж өгсөн. Бид Орос улстай амьдрал хувь заяагаар холбогдсон хүмүүс бөгөөд над шиг олон инженер байна. Мөн манайх шиг Орост суралцан ажил амьдралын гараагаа эхэлсэн гэр бүл олон” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байв. Тэрээр, Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн төгсөгч, Эрхүү хотын Техникийн их сургуулийн хүндэт профессор, Воронежийн Их сургуулийн хүндэт доктор, ОХУ-ын Уул уурхайн академийн гишүүн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ