Хөшөөт багийн бүтээн байгуулалтын ажил 70-90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-03 20:13:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн төвийг нүүлгэн шилжүүлэх асуудал олон жил яригдсан. Тус багийн төвийг нүүлгэн шилжүүлэх ажлын явц, шинэ бүтээн байгуулалтын талаар тодрууллаа. 

Ховд аймаг болон "Мо-Эн-Ко" ХХК-ийн 2017-2020 онд хамтран ажиллах гэрээний дагуу Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах ажлын хэсэг байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Хөшөөт багийн шинэ суурьшлын бүс нь Цэцэг сумын төвөөс 4-5 метрийн зайд буй. Өнгөрсөн 2018 онд Улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Багийн төвийн захиргааны барилга”-ыг бүтээн байгуулж, орон нутагт хүлээлгэн өгчээ.

Харин аймгийн зүгээс цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж байгаа бол "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас 100 хүүхдийн цэцэрлэг, 150 хүний суудалтай соёлын төв, халуун ус, уурын зуух, гүний худаг, ус түгээх байр барих зэрэг бүтээн байгуулалтын ажил хийж байна. Одоогийн байдлаар “Хөшөөт” багийн төвийн бүтээн байгуулалтын ажлууд 70-90 хувьтай явж буй.

Хөшөөт багийн төвийн шинэ бүтээн байгуулалтыг энэ оны есдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж. Барилгын ажлыг орон нутгийн мэргэжлийн компаниуд гүйцэтгэж байгаа гэнэ.  

Компанийн зүгээс 111 айл өрхийн 900мкв талбай бүхий хашааг шинээр барьж бэлэн болгосон ба одоогоор хашааны хаалга болон хашаа тус бүрт бие засах газар барих ажлыг эхэлжээ.

Үүний зэрэгцээ аймгаас томилогдсон хараат бус үнэлгээний компанийн ажлын хэсэг нийт 174 өрхийн эд хөрөнгийн үнэлгээ хийж, нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх зардал болон нүүлгэн шилжүүлэх нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг өрх бүрт олгох асуудлыг шийдвэрлэсэн аж. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд нийт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулж байна гэж албаныхан хэллээ.

Мөн 2014 оноос хойш тус багийн 174 өрхийг ус, цахилгаан эрчим хүчээр үнэгүй хангах, тодорхой хугацааны туршид иргэн бүрт нас харгалзахгүйгээр сар бүр 55 мянган төгрөг олгох, иргэдийг ажлын байртай болгох, жил бүр үнэгүй ба хямдруулсан үнээр нүүрс олгох зэрэг Хөшөөт багийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, улмаар Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг багийн төв барьж байгуулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр зорьж байна гэж компанийн удирдлагууд ярив.

Түүнчлэн Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд тосгоны мал бүхий иргэдийн өвөлжөө, хаваржааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор багийн Засаг даргатай хамтран холбогдох судалгаа хийж байгаа гэнэ.

"Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас 20-30 орчим метрийн зайд Цэцэг сумын Хөшөөт баг байрладаг. Тус багт 200 гаруй өрхийн 820 орчим иргэн амьдарч байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагаа, хөрсний эвдрэл, тоосжилтоос шалтгаалан оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн учир нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

 

Холбоотой мэдээ