ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч А.М.Сергеев Монголд айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев маргааш Улаанбаатарт хүрэлцэн ирнэ. Хойд хөршийн ШУА-ийн тэргүүн анх удаа манай удсад айлчилж байгаа нь энэ юм.
ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Александр Михайлович Сергеев нь физикч мэргэжилтэй 2017 оны есдүгээр сард уг албанд томилогдон ажиллаж байна.
Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэлийн намтар
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган аравдугаар сарын 13-ны өдөр болж ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулжээ.
Сонгуулийн дүнд нийт гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Д.Рэгдэл нь 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.
Улмаар 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.
Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч А.М.Сергеевийн намтар
Алексанпо Михайлович Сергеев нь 1955 оны наймдугаар сарын 2-нд одоогийн Нижегородск хязгаарт төрсөн.
1977 онд Н.И.Лобачевийн нэрэмжит Нижегородийн үндэсний судалгааны их сургуулийг радиофизикч мэргэжлээр дүүргэсэн.
1982 онд ЗХУ-ын ШУА-ийн Хэрэглээний физикийн хүрээлэнд эрдмийн зэрэг хамгаалж 2000 онд мөн тус хүрээлэнд физик-математикийн докторын зэрэг хамгаалсан. 2003 онд ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч-гишүүн, 2016 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр элссэн.
2015 оноос ШУА-ийн Хэрэглээний физикийн хүрээлэнгийн захирал. АНУ-д Таталцалын долгионыг илрүүлэх LIGO төсөл дээр Оросын эрдэмтдийн багийг ахлан ажиллаж байсан. Уг төсөл дээр ажилласан эрдэмтдэд Груберийн нэрэмжит шагнал олгосон.
Александр Сергеев нь лазерийн физикээр мэргэшсэн эрдэмтэн бөгөөд түүний удирдлага дор ОХУ-ын ШУА-ийн Хэрэглээний физикийн хүрээлэнд хамгийн том петаватт лазерын цогцолборыг байгуулсан.