Төвийн бүсийн аймгийн ИТХ-ын ажлын албаныхны зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-06 09:53:31
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөн 9 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болох бөгөөд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа аж

Энэ удаагийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байгааг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээлтийн үгэндээ онцоллоо.

Зөвлөгөөнөөр УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын ЗГХЭГ, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагуудыг бэхжүүлэх нь” төслийн нэгжээс ахлах, зөвлөхүүд оролцон тэдний саналыг сонсож, УИХ болон Засгийн газрын түвшинд хүргэхээ илэрхийллээ.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-д төвийн бүс болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр зэрэг 7 аймгаас 70 гаруй хүн оролцсон.
Тэд иргэн төвтэй төрийн үйлчилгээг эрхэмлэн, аймгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэн, бүтээн байгуулалтыг өрнүүлэх томоохон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн 2017 онд Монгол Улсын "Шилдэг аймаг", 2018 онд Монгол Улсын “Тэргүүний аймаг”-аар шалгарсан манай аймгаас судлах, туршлага солилцох зүйлс их байгааг онцолж байлаа.

Энэ үеэр Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох тухай илтгэлүүд тавьж, оролцогч аймгуудаас санал зөвлөмжүүдийг нэгтгэн гаргах аж. Тус зөвлөгөөнийг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж иржээ.

 

Холбоотой мэдээ