Хоёр хотын ХАҮТ-ууд хамтын ажиллагаагаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-05 21:40:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим нь ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хил дамнасан худалдаа эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайн хөршийн харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимын дарга С.Мэндхүү, Братск хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.В.Гарцун нар үзэглэжээ.

Талууд хоёр хотын танхимын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Братск болон Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниудын харилцаа холбоог бий болгох, тэдний ашиг сонирхолд нийцүүлэн бизнесийн түншээ олоход нь дэмжлэг үзүүлэх, бизнес эдийн засгийн холбогдолтой мэдээ мэдээллийг солилцох зэргээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээ