Х.Баттулга, Н.Моди нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-06 13:05:53

ВЛАДИВОСТОК. /India Today/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзаж, соёлын, оюун санааны, ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэх зэрэг хоёр талын ашиг сонирхлын талаарх асуудлуудыг хэлэлцжээ.


Хоёр орны удирдагчид ОХУ-ын Алс дорнодод зохион байгуулж буй Дорнын эдийн засгийн тавдугаар чуулга уулзалтын хүрээнд пүрэв гарагт уулзсан байна. Уг чуулга уулзалт Владивосток боомт хотод есдүгээр сарын 4-6-нд үргэлжилж байгаа юм.


“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа. Бид хоёр талын харилцааны талаар хэлэлцэж, хоёр улсын ард түмэнд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар зөвлөлдлөө” гэж Н.Моди твиттер хуудсандаа жиргэжээ.


“Ерөнхий сайд Н.Моди, Монголын төрийн тэргүүн Х.Баттулга нарын уулзалт амжилттай боллоо. Хөгжлийн түншлэл тэргүүтэй бусад салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Равееш Кумар твиттер хуудсандаа нийтэлсэн байна.


Энэхүү уулзалтын талаар Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Виджай Гохале мэдээлэхдээ, хоёр орны удирдагчид “халуун дотно” яриа өрнүүлсэн хэмээгээд, Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэг улсад энэ сарын сүүлээр төрийн айлчлал хийхээр болсон. Хоёр орны төрийн тэргүүн нар олон төслийн талаар, ялангуяа Монголд нефть боловсруулах томоохон үйлдвэр барихад туслалцаа үзүүлэх талаар хэлэлцсэн гэжээ.


"Талууд соёл, оюун санааны хэлхээ холбоо зэрэг ард түмэн хоорондын олон асуудлын талаар санал бодлоо солилцсон. Монголын Ерөнхийлөгч Бихар мужийн Бодх Гая болон Дели, Бангалор хотод айлчлахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн" гэж В.Гохале хэлжээ. Мөн Монголын нийслэл Улаанбаатар хотын бохирдлын түвшнийг хэрхэн бууруулах талаар хэлэлцсэн хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. 


Н.Моди Энэтхэг-ОХУ-ын жил тутмын 20 дахь дээд хэмжээний уулзалт болон Дорнын эдийн засгийн тавдугаар чуулга уулзалтад оролцохоор ОХУ-д лхагва гарагт хүрэлцэн очсон билээ. 

Холбоотой мэдээ