Х.Цэрэнбадам: Бид захчин дуу бүжгийн “Тонжоо” чуулга байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-06 17:01:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвийн эрхлэгчээр 36 дахь жилдээ ажиллаж буй МУСТА, Алтан гадас одонт Халтайн Цэрэнбадамтай уулзаж, захчин түмний давтагдашгүй өв соёлыг хойч үедээ өвлүүлэн тээж яваа нөр их хөдөлмөрийн талаар ярилцлаа.


-Та ажлын гараагаа хэрхэн эхэлсэн бэ?

-Би 1984 онд Улаанбаатар хотын Соёл гэргээрлийн дунд сургуулийг төгсөж, соёлын ажилтны мэргэжил эзэмшсэн. Улмаар тэр жилийнхээ 07 дугаар сард Манхан сумын клубийн эрхлэгчээр томилогдож байлаа. Анх аймгийн Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын тушаалын дагуу Н.Банзайдоржоос ажил аваад нэг сарын хугацаанд цалингүй ажилласан юм даа. Намайг ажил авах үед Соёлын яамнаас Баруун бүсийн таван аймгийн үзүүлэх сургууль зохион байгуулснаар анхны ажлаа олон нийтэд толилуулж байлаа.

Тухайн үед Н.Банзайдорж, О.Батчулуун, С.Эрдэнэбаатар, Б.Цэгмид, Ө.Палам, М.Үржинхуяг, Б.Гантулга, Б.Ариунаа, Б.Оюунгэрэл, С.Дариймаа  зэрэг  ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид, ажилтнуудтай  гар, сэтгэл нийлж ажиллаж эхэлсэн.

1987 оноос клубийн анхны хөгжмийн багшаар Б.Түмэндэмбэрэл, клубийн үйлчлэгч Б.Саранхүү, Цэенхүү, Н.Янжмаа, Б.Сарантуяа, Н.Лхамсүрэн нарын хүмүүстэй олон жил хамтран ажилласан.

-Таны бодлоор Манхан сумын Соёлын төвийн давуу тал юу вэ?

- Манхан суманд Захчин угсаатан аж төрдөг. Соёлын төвийн гол бодлого нь захчин угсаатны өв соёл, язгуур урлагийн өвийг тээж, хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлэх явдал. Энэ утгаараа Соёлын төвийн хамт олон захчин бий биелгээ, морин хуур зэрэг соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж байна. Бид бүх ард түмний урлагийн үзлэгийн 4 удаагийн алтан медальт алдарт бийч О.Мухаршар, МУСТА ерөөлч, магтаалч, нэрт туульч Н.Энхбалсан нарын авьяас, ур чадварын алтан өвийг авч үлдэхэд анхаарал тавьж ажилладаг. Ингэхдээ ардын авьяастнуудын ур чадварыг удам залгаж өвлөсөн үр хүүхдийг нь соёлын төвдөө ажиллуулж байна.

Тухайлбал, О.Мухаршарын хүү М.Үржинхуяг соёлын төвд кино механикч, номын санч, бий биелгээний багш зэрэг ажлыг  20 гаруй жил хийсэн бол Н.Энхбалсангийн хүү Э.Гомбожав морин хуурын багшаар одоо ч ажиллаж байна.

Ийнхүү удам дамжсан билэг авьяастнуудтай хамтран ажиллах замаар захчин түмний дундаршгүй их өв соёлыг бид хойч үедээ үлдээсэндээ бахархалтай байдаг.

Үүнээс гадна “Икэлийн эгшиглэн” аймгийн аварга шалгаруулах наадмыг сум орон нутагтаа тасралтгүй 10 жил зохион байгуулсан. Анх наадмыг зохион байгуулахад соёлын төв нэг морин хуурчтай байсан бол одоо 100 гаруй морин хуурчтай болсон. Энэхүү наадам нь Ховд аймагт  морин хуур хөгжмийн төрөл хөгжих, түгээн дэлгэрэхэд томоохон соёлын хөрөнгө оруулалт болж чадаж байна гэж үздэг. Учир нь Манхан сумын сургуулийн жирийн нэг охин клубт ирээд бий биелгээ, бүжиг дэглэж, цаашлаад  бусдадаа зааж сургадаг. Захчин хүмүүсийн авьяас төрмөл байдаг гэлтэй.

-Манхан сумын Соёлын төвийн 90 жилийн ой тохиосон. Энэ талаар...?

-Манай соёлын төв анх Улаан гэр нэртэй байгуулагдсан. Тэмээ унаж ууланд гараад отроор яваа малчиддаа дуугүй кино үзүүлэх, хувьсгалын  дуу дуулах, бийлэх, ерөөл магтаал түгээх зэргээр ажиллаж байсан түүхтэй.

Анхны клубийг 1951 онд барьснаар 5 жүжигчин, дарга, нярав гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ. Улмаар 1953 онд Ховд аймагтаа гурван хоногийн турш урлагийн тоглолт хийжээ. Одоо тэр үеийн уран бүтээлчдээс урлаг судлаач, доктор профессор Ж.Энэбиш,  дуучин Ө.Рэгзээ, Ч.Доржбал нарын хүмүүс 80 гаруй насыг насалж буй.

Соёл урлагийг хөгжүүлэх талаар нэлээн анхаарч ажилладаг. Ер нь Соёлын төвийн хаалганд цоож зүүх эрх надад байхгүй. Сумын малчид, уран сайханчид өөрсдөө цуглаж бүжиг явуулдаг.

Сүргийн бэлчээрт яваа малчин залуу малаа хотлуулчихаад ирээд клубт дуулж, хуурдаж байна. Малчид үнэхээр авьяастай. 2004 онд шинэ Соёлын төвтэй болсноор нийтийг хамарсан соёлын ажил тасралтгүй үргэлжилж байна. Тодруулбал, 2007 онд Улаанбаатар, Дархан хотод 60 хүний бүрэлдхүүнтэй “Мартмааргүй Манхан нутаг” тоглолт хийсэн нь 46 жилийн дараа манай авьяастнууд улсынхаа нийслэлд тоглосон тэмдэглэлт  үйл явдал болсон. Энэ мэтээр соёлын  ажил үргэлжилсээр байгаа.

Соёлын төвийн 90 жилийн ойг тохиолдуулан ОНХС-гийн 9,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  гэрэлтүүлэг,  зарим тоног төхөөрөмж шийдвэрлэж авсан. Урлаг соёлын үйлчилгээг ард иргэдэд хүргэхэд  уран бүтээл, авьяастнаас гадна гэрэл, тайз, хувцас, хэрэглэл, тоног төхөөрөмж амин чухал хэрэгцээ байдаг юм л даа. Энэ бүхэн нийлж байж хүний сэтгэлд хүрсэн цогц үйлчилгээ болно гэж би боддог. 

-Манхан сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Гомбосүрэнгийн нэрэмжит болгосон. Цаашид ямар ажил өрнүүлэх вэ?

-90 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Манхан сумын Соёлын төвийг Монгол Улсын Ардын жүжигчин Дагвын Гомбосүрэнгийн нэрэмжит болгосон. Манхан сумаас төрөн гарсан алдартан, гавьяатнуудын нэг бол  ардын жүжигчин Д.Гомбосүрэн юм. Манай соёлын төвийн хамт олон захчин дуу бүжгийн “Тонжоо” чуулга байгуулах санаачилга гаргасан. Д.Гомбосүрэнгийн үр хүүхдүүд ч дэмжиж байна. Ирэх 2023 онд Манхан сумын 100 жилийн түүхт ой болох  учир  бэлтгэл ажлын томоохон нэг хэсэг болно гэж үзэж байна.  
-“Алтай ятга” хөгжмийг эх нутагтаа залсан. Энэ түүхээс хуваалцахгүй юу?

-Алтай ятга хөгжмийг 2014 онд Ховд аймгийн Манхан сумын нутгаас олсон тухай мэдээ сонсоод Улаанбаатарт өөрийн зардлаар очиж, уг ятгыг сумандаа нутагшуулахаар холбогдох хүмүүстэй уулзсан. Улмаар 2015 онд дахин урлаг судлаач Д.Ганпүрэв, яамны соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн, УИХ-ын гишүүдтэй биечлэн уулзаж байлаа.

Жаргалант хайрхан уулнаас малчин Н.Дандарын олж илрүүлсэн Алтай ятга хөгжмийг эх нутаг буюу сумандаа залахаар 2018 онд Улаанбаатар хотоос 11 хүн авч ирж, хөтөлбөр боловсруулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Ард түмэндээ соёлын биет бус өвийг хамгаалах, хадгалах талаар ойлгуулснаар Алтай ятга хөгжүүлэх, нутагшуулах ажилд бүх нийтээрээ хамтран оролцож, анхны ажлыг хийж чадсан.

Анх хөгжмийг танилцуулах, сурталчлах ажил хийсэн бол 2019 онд хоёр дахь удаагаа Алтай хамтлагийг урьж, сургалт зохион байгуулсан. Ингэснээр "Жаргалант Алтай" насанд хүрэгчид болон охидын хамтлагийг шинээр байгууллаа.

Цаашид Алтай ятга хөгжмийг Ховд аймагт хөгжүүлэх, бүх суманд ятга хөгжмийн хамтлагтай болох талаар бусад соёлын төвүүдтэй ярилцаж, төлөвлөсөн ажил бий. Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд, манай нутгаас олдсон эртний хөгжмийг  хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн гаргаж байгаа Алтай хамтлагийг үүсгэн байгуулагч Д.Ганпүрэв, түүний гэргий МУГЖ, Азийн ятгын хатан хаан Н.Мөнх-Эрдэнэ болон Алтай хамтлагийн гишүүдэд талархал илэрхийлье.

-Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ