34.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-07 09:57:44

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг зогсоож, эдгээр компанийн олборлолтын талбайн хөрс, далан, усан сангийн уснаас нийт 29 дээж авч шинжлүүлсэн байна.

Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр усны дээжид агуулагдах химийн бодисын агууламж, хүнд металл, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр зэрэг нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, хөрсний дээж стандартын шаардлагыг хангаж байжээ. Иймд усан сангийн усыг задлан урсгаж, нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 усан сангийн даланг сэтлэн урсгаж, техникийн нөхөн сэргээлтийг 34.5 га-д, нөхөн дүүргэлтийг 6 га-д, биологийн нөхөн сэргээлтийг 11.5 га талбайд хийлгээд байгаа юм.

"Монгол газар" ХХК, "Эм Жи Эйч" ХХК, "Сэншивэе Монгол" ХХК-иас бусад аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд МХЕГ-аас 9-р сарын 25-ны дотор эдгээр 11 компанийг нөхөн сэргээлтийг холбогдох стандартын түвшинд хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгч, тайлан мэдээг ирүүлэхийг үүрэг болгожээ.
Энэ хугацаанд тайлан мэдээ ирүүлээгүй, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах аж.
Холбоотой мэдээ