Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг УИХ ард түмнээс асууна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-09-07 15:28:00

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны дарга С. Бямбацогт нар мэдээлэл хийжээ. Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дууссан гэж тэд мэдэгдлээ. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл (санал)-тэй нэгтгэн хэлэлцжээ. Төслүүдийг нэгтгэн хэлцээд ТББХ-ноос чуулганд 60 асуудлаар 150 орчим зарчмын зөрүүтэй  санал оруулан шийдвэрлэсэн юм байна. Тус байнгын хорооны оруулсан  дээрх асуудлаас 34 нь хоёрдугаар хэлэлцүүлгээр гишүүдийн  дэмжлэг авчээ.

 

УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Үүнээс найман заалт огт хөндөгдөөгүй гэнэ. Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн гол гол өөрчлөлт гэж “Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн баталгаажсан өөрчлөлт орууллаа” гэж тэд мэдээлэлдээ онцлон дурдсан байна. Харин одоо “Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуултад ард түмнээс хариулт авах аж. Энэхүү санал асуулга яг хэдэн сарын хэдний өдөр болох вэ гэдэг товыг хараахан тогтоогүй байгаа юм билээ. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг хурлаараа ийм шийдвэр гаргажээ. Ард нийтийн санал асуулгын зардалд Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээний зардал гарна гэж урьдчилсан байдлаар тооцжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн зардал 14,9 тэрбум төгрөгөөр баталж байжээ. Ард нийтийн санал асуулга явуулахад дээрх хэмжээний зардал гарна гэж ойлгож болох аж. Манай улсын хувьд, ард нийтийн санал асуулгыг анх удаа 1945 оны аравдугаар сарын 20-нд явуулж байжээ. Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг батлах тухай хийх санал асуулга хоёр дахь нь болох бололтой.

 

Санал хураалтад оролцсон иргэдийн олонх нь  "тийм" гэж хариулсан тохиолдалд Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт батлагдана. Харин "үгүй" гэж олонх нь хариулбал, энэхүү нэмэлт батлагдахгүй. Иргэдийн олонх нь хоёр дахь  хариултыг сонгосон нөхцөлд Үндсэн хуульд нэмэлт оруулах талаар найман жилийн дараа сөхөж ярих  сул тал үүснэ. Харин "тийм" гэж хариулсан нөхцөлд энэ нэмэлтийг УИХ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж батална.

 

Үндсэн хуулийн нэмэлт УИХ-ын чуулганы ирц, гишүүдийн дэмжлэг өндөр байхыг шаарддаг өөрийн онцлогтой юм байна. Энэ удаагийн нэмэлтийн зарчмын зөрүүтэй санал хураалтаас харахад 57 ба түүнээс дээш тооны гишүүн дэмжсэн нөхцөлд босго давж байсан юм. УИХ-ын 57 гишүүний дэмжлэг авах гэдэг бол өндөр босго байлаа.

 

Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлтийн амин сүнгс нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах баталгааг хангахад чиглэсэн гэж хуулийн төсөл санаачлагчид тайлбарлаж байсан юм. Энэ хүрээнд орж ирсэн Ерөнхий сайдад танхимын гишүүдээ томилж, чөлөөлөх эрх олгох тухай маш их ярьсан билээ. Гэвч энэ хүрээнд орж ирсэн Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д танилцуулна гэсэн санал УИХ-ын 57 гишүүний дэмжлэг авсангүй. Иймд Засгийн газрын гишүүдийг УИХ нэг бүрчлэн хэлэлцэж баталдаг өнөөдрийн байдал хэвээр хадгалагдах хэмжээнд хүрэв бололтой.   Гэхдээ УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх (доод тал нь 20 гишүүн бус) нь биш, нийт гишүүдийн олонх буюу 39-өөс дээш  гишүүний саналаар огцруулна гэсэн саналыг гишүүд дэмжлээ. Энэ саналыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санаачилсан гэнэ.

 

Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ард түмнээс асууна гэж мэдэглээ. УИХ асууж, ард түмэн хариулах үлдлээ. 

Холбоотой мэдээ