“Ховд номын баяр-2019” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-08 10:48:11

Ховд /МОНЦАМЭ/. Алтай хан хөгжлийн сангийн тэргүүн Т.Баттулгын санаачилгаар “Ховд номын баяр-2019” үйл ажиллагаа зохион байгууллаа.

Орон нутгийн иргэдэд ном унших дадал хэвшүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулан боловсрол, хүмүүжил олгоход энэхүү  үйл ажиллагааны зорилго чиглэж байв.

Номын баярын нээлт аймгийн төв талбайд болсон. Үүнд, аймгийн удирдах ажилтнууд болон Ардын уран зохиолч, Болор цомын эзэн, яруу найрагч Тангадын Галсан, Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов нар урилгаар оролцож, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд  тогтмол ном уншиж, мэдлэгээ хөгжүүлж байхыг уриаллаа.

Мөн “Номын үзэсгэлэн яармаг” зохион байгуулав. Энэ үеэр хүүхдийн болон түүхэн, нийгэм, гадаад хэл, уран зохиол, яруу найргийн  1000 гаруй ном дэлгэжээ. 

Непко үйлдвэрээс хэвлэсэн 50 нэр төрлийн 500 гаруй номыг 30 хувийн хямдралтай худалдсан бол Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс, Нэгдүгээр сургууль зэрэг байгууллагаас 300 орчим, Нийтийн номын сангаас 200 гаруй номыг  иргэд олон нийтийн хүртээл болгов. 

Энэ үйл ажиллагаа “Зохиолчдын уулзалт-номын хэлэлцүүлэг”-ээр үргэлжилж байна. Ховд аймгийн хэмжээнд зохиолч, идэвхтэн бичигч 30 гаруй хүн бий. Мөн Монголын Зохиолчдын нэгдсэн эвлэлийн гишүүн 10, “Алтай” салбарын гишүүн 40 орчим зохиолч, яруу найрагч байдаг аж. 

“Ховд номын баяр-2019”-ыг орон нутагт анх удаа зохион байгуулснаараа онцлогтой. Цаашид номын баярыг жил бүр  тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаныхан хэллээ. 
 

Холбоотой мэдээ