Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилдог байх саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-07 19:17:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгалаа. 


Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөл дэх Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн ажлын багийн дээрх заалтыг хасах санал дэмжигдсэн гэж үзлээ.


Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан саналыг хэлэлцэв. Тэрбээр, өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно” гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан санал дэмжигдсэн гэдгийг тодотгов. Харин шинэ Ерөнхий сайдын нэрийг давхар оруулж ирэх санал дэмжлэг аваагүй. Тиймээс Ерөнхий сайдыг томилох хугацааг тусгах шаардлагатайг тэмдэглэж, 30 хоногийн дотор томилно гэж тусгах санал гаргав. Хэрэв хугацаа заахгүй бол Ерөнхий сайдыг томилохгүй удаан хугацаа өнгөрөх эрсдэлтэйг хэлээд, ТББХ-ны өнөөдрийн хуралдаанаар энэ саналыг дэмжсэн гэж тайлбарлав. Энэ саналыг хуралдаанд оролцсон 57 гишүүн дэмжсэн юм. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу 17 дугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 57 нь  дэмжив.


УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва нараас билгийн тооллын гэдгийг тодруулж бичихгүй байх санал гаргасан. Үүнийг найруулан хянаж үзэхийг УИХ-ын дарга Ажлын багийнханд чиглэл болголоо. 


Мөн УИХ дахь АН-ын зөвлөлөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслөөр санал хураахад гишүүдийн олонх дэмжив.

Холбоотой мэдээ