Хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээнүүд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-08 14:40:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолтууд спортын 34 төрлөөр Улаанбаатар хотын 22 байршилд болж шилдгүүдээ тодруулж эхэллээ.


Энэ сарын 7-15-ны өдрүүдэд явагдах уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубын 5949 /давхардсан тоогоор/ өсвөрийн тамирчин, 498 багш дасгалжуулагч оролцож байгаа юм.


Хүүхдийн спортын VI наадмын эхний өдөр волейбол, хүндийн өргөлтийн тэмцээнүүд эхэлсэн. Энэ өдөр хүндийн өргөлтийн шигшээ тэмцээн СТО-д болж охидын төрлийн медалийн эзэд нь тодорлоо. Тухайлбал, охидын 36 кг Өвөрхангай аймгийн тамирчин Ж.Шийлэг 64 кг өргөж аваргын алтан медаль хүртсэн бол   Хөвсгөл аймгийн Б.Энхдалай /62 кг өргөсөн/, БЗД-ийн О.Буянжаргал /55 кг өргөсөн/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Харин охидын 40 кг Дархан-Уул аймгийн тамирчин Б.Отгонтуул 78 кг өргөж алтан медалийн эзэн болов. Мөнгө, хүрэл медалийг Өвөрхангай аймгийн О.Хишигцогзол /74 кг өргөсөн/, Хөвсгөл аймгийн А.Анхбаяр /63 кг өргөсөн/ нар тус тус хүртлээ.


Тус наадмын волейболын тэмцээний охидын тоглолт ОБЕГ-н “Аврагч” спорт хорооны зааланд болж байгаа бол хөвгүүд “MJ” спорт зааланд явагдаж байна. Өсвөрийн волейболчдын шилдэг багууд энэ сарын 14-ний өдөр тодорч, алт, мөнгө, хүрэл медалиа зүүнэ.

Холбоотой мэдээ