“Монполимет” группийн байранд гарсан галаас 4 хүнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-10 18:35:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Мобиком” компани байрладаг “Монполимет” группийн байранд гал гарлаа гэсэн дуудлага 15.04 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.


Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63-р ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар гал гарсан Сүхбаатар дүүргийн 1-р хороон дахь Автозамчдын 30-р байранд нэг цаг, хорин минут ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраагаад байна.



Гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалжээ. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Гал гарах үед "Мобиком"-ын ажилтнуудыг түр нүүлгэн шилжүүлэн, утаажсан бүсээс 6 хүнийг гаргасан байна. 

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ