Цулхиртай цайг худалдаанд гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-10 21:14:52

Завхан /МОНЦАМЭ/. Завханы "Мөнхөд мандаг" ХК бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж энэ сард “Шимт цай” нэртэй цулхиртай цайг үйлдвэрлэж эхэлснээ хэрэглэгчиддээ танилцуулжээ. 

Тус цай нь 250 грамм халуун усанд шууд найруулж уух зориулалттай эрүүл мэндийн чухал ач холбогдолтой, алжаал ядаргааг тайлах аж. Цулхиртай цайнд үхрийн сүү, байгалийн хужир, цулхир орсон байна. "Цулхирын гурил нь ходоод гэдэсний хямрал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, шээс хөөх болон бөөрний үйл ажиллагаанд сайны дээр их тэжээллэг. Монголчууд эртнээс хэрэглэж ирсэн гурил юм. Мөн цай хийцэлж уух, шөлтэй хоол, өрөм, тос зэрэгтэй хольж зуурч хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай ажээ. Тиймээс манай шинэ бүтээгдэхүүн эрүүл мэндэд нэн тустай. Өөрийн аймгийнхаа хөрсөнд ургадаг ургамлуудаар бүтээгдэхүүнээ хийдэг болохоор орц найрлага нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж хэлж болно хэмээн "Мөнхөд Мандаг" ХК-ийн захирал Д.Баяраа дуулгав.  

Сонирхуулахад, эднийхэн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд хоёр жилийн өмнөөс зундаа цагаан идээ боловсруулж ааруул, аарц, тараг, ээзгий зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар савлаж борлуулж эхэлсэн байна. Мөн үхрийн болон ямааны борцыг үйлдвэрийн аргаар савлаж худалдаалдаг болсон нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй жилийн дөрвөн улирал шинэ цагаан идээг хэрэглэх боломжийг орон нутагтаа хангаад буй ажээ. Завханчуудынхаа хэрэгцээг хангадаг тус үйлдвэр нэрийн бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ аймгуудаас гадна нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы хэрэглэгчиддээ хүргэдэг. 

Уугуул нутгийнхан нутгийн брэндээ хэрэглэх дуртай

Завхан аймгийн ууган үйлдвэрийн нэг "Мөнхөд Мандаг" компани өнгөрсөн зун хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн үйлдвэрийн тоног төхөөрөмж, нэр төрлийг нэмэгдүүлж бүтээгдэхүүний брэнд нэр, савлагаа, чанарыг сайжруулжээ.

"Мөнхөд Мандаг" ХК нь "Нутгийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь хэрэглэе" уриатай аж. Тус үйлдвэр мөн чонын элэг, долоогоно, нэрс, хадны цэвэр шүүсийг үйлдвэрлэдэг. Мөн хамгийн эрэлт ихтэй чацарганын цэвэр тос, монгол аргаар нэрсэн цагаан архи, ааруул, хуруудынхаа үйлдвэрийн үнийг зуны цагт 15 хувь хямдруулж борлуулдаг байна. Учир нь зуны цагт орон нутагт зорчих, амрах зугаалах иргэдийн тоо нэмэгддэг бөгөөд нутаг усандаа ирэх гийчдэд нутгийн брэндээ хямд үнээр худалдан авах боломжийг олгосон нь энэ юм. Нутгийнхаа хөрсөнд ургасан байгалийн цэвэр хүнс болсон жимс, ус, давсны амт нь хүртэл цаанаа нэг өөр байдаг шүү хэмээн нутгаасаа хол суугаа Завханы уугуул иргэд ам сайтай байдаг билээ.

Холбоотой мэдээ