Ноён уулыг Дархан цаазат газар болгохоор шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-11 13:51:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байдаг Ноён уул орчмын тусгай хамгаалалттай газрыг ангилал ахиулж Дархан цаазат газар болгохоор шийдвэрлэсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээллээ. 


Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 1995 оны зургаадугаар сарын 29-ний 16 дугаар тогтоолоор тухайн бүс нутгийн 21 мянга 600 га газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Гэвч үүнээс хойш энэ газарт таван ААН-ийн 12 лиценз олгогдсон байна. Тухайлбал, аймгийн ИТХ-ын дээрх шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө буюу 1995 оны зургаадугаар сарын 28-нд 359.7 га газарт алтны хайгуулын лиценз анх олгожээ. Үүнээс хойш 2004 он хүртэл нийт 12 хайгуулын лиценз олгосон байгааг Сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ дурдлаа. 


Тэрбээр, “Засгийн газрын 320 дугаар тогтоолоор Шадар сайдаар ахлуулсан ажлын баг гарч, Ноён уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийн бүрдүүлсэн материал, үндэслэл, хууль зөрчсөн эсэхийг нягтлахыг даалгасан. Мөн хуулийн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Гол асуудал нь 1995 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байхад давхцуулан лиценз олгосон байна. Бидэнд байгаа аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрээс харахад, хууль зөрчиж лиценз олгосон байх магадлалтай. Хэрвээ хууль, хяналтын байгууллагаас хууль зөрчиж лиценз олгосныг тогтоовол, холбогдох албан тушаалтан, ААН-д хариуцлага тооцож, гарсан хохирлыг нөхөн төлүүлэх хуультай. БОАЖЯ, орон нутгийн удирлагуудтай хамтран 21 мянга 600 га тусгай хамгаалалттай газрыг Дархан цаазат газар болгон ангилал ахиулж бүртгэх материалыг өнөөдрөөс бүрдүүлнэ” хэмээв.  

Холбоотой мэдээ