Хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа улсын дундажтай харьцуулахад өндөр хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-12 10:34:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалангийн санаачилгаар Говь-Алтай аймгийн 18 сум хоёр тосгонд "Хавдаргүй Алтай" урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна.

Уг үйл ажиллагааг Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төв, тус аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран есдүгээр сарын 4-24-ний өдрүүдэд зохион байгуулж буй юм. 

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд иргэдэд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх, эрүүл зан үйлд төлөвшүүлэх, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс тэдгээрээс сэргийлэх талаар таниулах ажлыг зохион байгуулах, өрх сумын эмч, мэргэжилтнийг дагалдуулан сургах, эрсдэлт бүлгийн хүн амыг хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх гэнэ.

Говь-Алтай аймаг 58280 хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд халдварт бус өвчний өвчлөл түүн дотроо хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа улсын дундажтай харьцуулахад өндөр аймгийн нэг юм. Таван жилийн дундаж үзүүлэлтээр 100,000 хүн амд өвчлөл 238,5, нас баралт 174,7 тохиолдол ногдож, хожуу үе шатандаа оношлогдсон хувь өндөр байна. 


Холбоотой мэдээ