Эрүүл мэндийн сайн үйлсийн клуб байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-12 16:36:22

Ховд /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайн үйлсийн аян өрнүүлдэг Y`S men олон улсын клубын Ховд салбарыг байгууллаа. 

Y`S men клубийн Ховд салбарын нээлтэд БНСУ-ын төлөөлөгч болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцсон. Энэ үеэр шинэ салбарын захирал, гишүүдийн тангараг өргөх ёслол болов.  
Тус клубийн салбарын захирлаар Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшааг томилсон ба есөн тэргүүлэгч, 30 орчим гишүүнтэй үйл ажиллагаа явуулах юм.

Клубийн хамт олон цаашид орон нутгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэсэн сайн дурын аян, хүмүүнлэгийн ажлыг үе шаттай өрнүүлнэ.

Тус клубийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан БНСУ-ын Бусан мужийн Кимкэ хотын Жун Ан нэгдсэн эмнэлэг, Монгол Улсын УБ-Мед эмнэлэг болон Ховд аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж, “Эрүүл мэндийн сайн үйлсийн аян” зохион байгуулжээ. 

Аяны хүрээнд БНСУ-ын эмнэлгийн эмч нарын баг БОЭТ-ийн гэмтэл, мэс засал, дотрын тасагт ажилласнаар 300 орчим иргэнд үзлэг оношилгоо хийв. Мөн тохойн мэдрэл суллах, цөсний хүүдий авах, чөмөгний хүзүүний зэрэг долоон төрлийн  мэс засал хийсэн байна.

Үүнээс гадна клубийн нээлтийн үеэр Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумын эмнэлэгт яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, Цэцэг суманд ундны усны хатуулаг бууруулах төхөөрөмж гардууллаа.



Холбоотой мэдээ