Р.Дагва: Хөрөнгө оруулалтын тайланг ирэх сард дахин сонсоно

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-09-12 16:27:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын явц удаан, гүйцэтгэл хангалтгүй байна.

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 249.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 460 төслийн худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар баталсан юм. Үүнээс одоогийн байдлаар 415 төслийн худалдан авах ажиллагааг зарлаж, 45 төслийн худалдан авах ажиллагааг зарлахаар бэлтгэл ажлыг хийж байгааг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм.

Тэрээр худалдан авах ажиллагаа зарлагдсан 415 төслөөс гэрээ байгуулсан 180, гэрээ байгуулах эрх олгосон 92, техникийн үнэлгээ хийж байгаа 80, тендерийн материал хүлээн авч байгаа нь 63 байгааг мэдээллээ. Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгчид “Гэрээ байгуулж байгаа, байгуулсан, үнэлгээний хороо байгуулсан гэсэн мэдээллүүд хийж байгаа нь чамлалттай байна. 100 хувийн гүйцэтгэлтэй ажил алга байна” хэмээн шүүмжилж байв.  

Тэргүүлэгч Ш.Үнэнбат “Худалдан авах ажиллагааны удаашрах нэг гол шалтгаан зураг төсөв байдаг. Зураг хянан баталгаажуулах явц маш удаан явдаг. Нэг ёсондоо нийслэлийн ажлыг Барилга хөгжлийн төв уяж байгаа шүү” гэсэн шүүмжлэлийг хэлж байв. НИТХ-ын дарга Р.Дагва танилцуулгатай холбогдуулан хэлэхдээ, “Энэ жилийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа тул ирэх сард тайланг дахин сонсоно” гэдгээ мэдэгдсэн талаар НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

Холбоотой мэдээ