С.Чулуун: М.Ханддоржийн судалгааг өргөжүүлснээр Үндэсний тусгаар тогтнолын их үйл хэргийг танин мэднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-13 15:57:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэ дайчин Чин ван М.Ханддоржийн судалгааг өргөжүүлэх нь 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын их үйл хэрэг, түүхийг зөв танин мэдэхэд ач холбогдолтой хэмээн судлаачид үзэж байна.

Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайд, хошой Чин Ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан “Монголын 1911 оны Үндэсний хувьсгал ба хошой Чин Ван М.Ханддорж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Архивын Ерөнхий газар хамтран өнөөдөр зохион байгуулав.

Эрдэнэ дайчин чин ван Минжиддоржийн Ханддорж нь Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч нь  юм.

1911 оны Үндэсний хувьсгал бол манжийн эрхшээлд 200 гаруй жил байж, мөхөхийн ирмэгт тулаад байсан Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээж, ХХ зуунд сэргэн мандах эхлэлийг тавьсан түүхт үйл хэрэг. Үүнийг оройлон манлайлагчдын нэг нь Чин ван Ханддорж байв. М.Ханддорж нарын монгол төрийн зүтгэлтнүүд ХХ зууны эхэн үеийн дэлхий дахины улс төрийн бодлогын хүрээнд улс орныхоо эзэлж буй орон зайн харьцааг зөв ухаарч, хаяа нийлсэн хоёр их хөрш Хаант Орос ба Хятад улсыг Монголын тухайд төвийг сахисан байр суурьт хүргэх бодлого явуулан амжилтад хүрчээ . 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал гараагүйсэн бол 1921 оны Ардын хувьсгалын ялалт, өнөөгийн туурга тусгаар Монгол Улсын тухай төсөөлөх ч боломжгүй. Иймээс Ханддорж вангийн Монгол Улсын төлөө зүтгэсэн зүтгэл бол мөнхийн гавьяа гэдгийг судлаачид хэлж байв.


ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн багш, академич Ж.Болдбаатар “Чин ван Ханддорж бол 1911 оны Үндэсний хувьсгалыг түүчээлэн хөтлөх, оройлон зохион байгуулаад зогсохгүй Монголын төрийн алтан аргамжийг таталцах албыг нэр төртэй биелүүлсэн. Хэдийгээр олон улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй боловч хоёр том хөрш 1915 онд Хиагтын олон улсын гэрээгээр Монголыг  хүлээн зөвшөөрсөн. Энэ хүн цэрэг улс төрийн зүтгэлтэн төдийгүй соёлын ивээн тэтгэгч байлаа. Тэрбээр 1912 онд анхны орчин үеийн боловсрол олгох бага сургууль, хэвлэлийн газар, орчин үеийн эмнэлгийн эх суурийг тавьсан. Мөн Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Мэгжид жанрайсиг шүтээнийг босгох ажлыг зохион байгуулснаас гадна Вангийн хүрээг Халхын хүрээний тэргүүн зэрэгтэй болгоход оролцсон юм. Түүнчлэн Халхад хамгийн том Цагаан суварга, бурханы орон диваажинг дүрсэлсэн хиймэл уулан дээр гоёмсог сүм байгуулж, Булган хан ууланд хойд талаас нь ан амьтан шахан оруулж, өвөл нь тэжээл өвс тавьж, байгалийн зоопарк байгуулж байсан. Түүнчлэн Монгол Улсын төрийн дуулал “Зуу лангийн жороо луус”-ыг зохиоход оролцож,  сүүлд ардын дуу болсон “Ай нанаа” гэж дууг хүүдээ зориулан зохиож, 1911 оны Үндэсний хувьсгалыг манлайлж, өөрийн “Ханд вангийн дуу”-г зохиосон нь уран сайхны мэдрэмжтэй, халгиа цалгиатай эр хүн байсныг харуулж байна. Мөн эрхэмсэг язгууртай ч эгэл бөгөөд агуу хүн байсан нь тодорхой юм” хэмээв.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн нь монголчуудын хувьд өнөөдөр оршин тогтнох үндсийг нь тавьж өгсөн. Боломжгүй нөхцөл байдалд монголчууд нэгэн үзүүр сэтгэлээр нэгдэж тусгаар тогтнолоо олж авсан юм. Тусгаар тогтнолын төлөөх их үйл хэрэг, тэмцлийг удирдан чиглүүлж байсан хүн бол Чин ван М.Ханддорж. Тэрээр хувьсгалын удирдагчдын нэг төдийгүй Монгол Улсын орчин цагийн гадаад бодлогыг үүсгэн байгуулсан түүхэн зүтгэлтэн. Чин ван М.Ханддоржийн судалгаа өргөжнө гэдэг 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын их үйл хэргийг илүүтэй мэдэж, түүхээ зөв танина гэсэн үг юм” гэв.

Тус хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун “Чин ван М.Ханддоржийн амьдрал, үйл ажиллагаанд холбогдох гэрэл зургууд”, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын зөвлөх, доктор, профессор Ц.Батбаяр “Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд”, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, доктор, профессор Г.Мягмарсамбуу “Түшээт хан аймгийн Цэргийг захирах жанжин Чин Ван М.Ханддорж”, “Чин Ван М.Ханддорж” нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Д.Энхтайван нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар тус тус илтгэл тавив.

Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайд, хошой Чин Ван М.Ханддоржийн амьдрал, үйл хэргийг харуулсан түүхийн баримт, гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байлаа.

Хуралд  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Архивын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Санхүү Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, судлаачид, ГХЯ-ны дипломат ажилтнууд оролцсон юм.

 


Холбоотой мэдээ