Засгийн газрын нээлттэй өдөрлөг болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-16 11:00:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын ажлыг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.


Засгийн газрын 2016-2020 оны ажлын хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулах, бүтээн байгуулах томоохон төслийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх юм. Тухайлбал, Улаанбаатар-Дархан, Гачуурт-Налайх чиглэлийн автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлаас гадна Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тавих ажлыг танилцуулна. Мөн Орон сууцны "Солонго I, II хороолол төсөл", шинэ нисэх онгоцны буудал, "Шинэ сум" төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулах ажлын өнөөгийн явцыг иргэдэд танилцуулах юм. Түүнчэн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм. Тодруулбал, Иргэд олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлт хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгт үйлчлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. 


Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар  мэдээлэл өгөх юм байна.


“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна. Яамдын бүх төрлийн үйлчилгээг төв талбай дээрээс авах боломжтой бөгөөд, нээлттэй өдөрлөг энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ