Ираны Ерөнхийлөгч Турк улсад хүрэлцэн иржээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-16 11:57:08

ТЕГЕРАН. /TASS/. Сирийн асуудлаарх гурван талт дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Туркийн Анкара хотод өнгөрсөн ням гарагт хүрэлцэн иржээ.


Ерөнхийлөгч Хасан Роухани ОХУ, Туркийн Төрийн тэргүүнүүдтэй гурван талт яриа хэлэлцээ хийхийн зэрэгцээ  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай хоёр талт уулзалт хийх аж. Уулзалтын үеэр талууд Сирийн асуудлаас гадна эдийн засгийн харилцааны хөгжил, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.  


Сирийн асуудлаарх ОХУ, Иран, Туркийн анхны дээд хэмжээний уулзалт 2017 оны 11 дүгээр сард Сочи хотод болсон юм. Энэ уулзалтын дүнд талууд деэскалацийн бүс байгуулах нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрх байдлыг алдагдуулах ёсгүй хэмээн мэдэгдэж Сирийн үндэсний яриа хэлэлцээний конгресст оролцохыг Дамаск хотын эрх баригчид болон сөрөг хүчнийхэнд уриалсан байна. Сирийн асуудлаарх гурван талт уулзалт 2018 онд Анкара болон Тегеран хотод болсон бол 2019 онд Сочи хотод болжээ. 

Холбоотой мэдээ