Жаргалант сумын шилдэг хашаа, байшинтай айл өрхүүдийг тодруулж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-16 15:23:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын нийт айл өрхийн дийлэнх хувь нь гэр хорооллын бүсэд  оршин суудаг.

Тиймээс гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хөгжүүлэх, хөрс, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн санал санаачилгыг дэмжих зорилгоор "Хашаандаа сайхан амьдарцгаая" төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд иргэд хашаандаа сайхан амьдарч, тохилог, эко орчин бүрдүүлж болдгийг харуулах зорилгоор Жаргалант сумын гэр хорооллын багийн жишиг болохуйц хөдөлмөрч айл өрх, иргэнийг шалгаруулж, олон нийтэд сурталчлахын зэрэгцээ  тэдний санал хүсэлтийг  төслийн үйл ажиллагаанд тусгаж буй.

Энэ утгаараа Жаргалант сумын эко, шилдэг хашаа, байшин шалгаруулах уралдаан зарласнаар бүтээлч, аж ахуйч айл өрхөд батламж, мөнгөн шагнал гардуулан өгч байна. 

Тэдгээр айл өрхийн бүтээлч санаачилга, хашаа, байшингаа хэрхэн засч тохижуулсныг сурвалжиллаа. 


                   Ундны усаа шийдэхийн тулд гүний худаг гаргаж,  автомат аргаар ус хэрэглэж байна

Гэр хороололд эрүүл, тохилог орчинд амьдрах боломж нөхцөлийг иргэн өөрөө л бий болгож чадна. Тэгэхээр хашаандаа тохилог сайхан байшин бариад амьдарч болох нэгэн жишээг Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн иргэн Г. Дэмбэрэлсайханы гэр бүл үлгэрлэн харуулж байна.  

Эднийх байшингаа модон торхоор суурь хийж, доторх дизайныг Канад технологийн дагуу 2015 онд захиалгаар барьжээ. Тус байшин нийт 8х8 хэмжээтэй. Зочны болон гал тогоо, унтлагын, угаалгын өрөө зэргээс бүрдэнэ.

Халаалтаа цахилгаан болон нам даралтын зуухаар давхар шийдсэн гэнэ. Ингэхдээ, цахилгаан системийг шалны халаалтаар дамжуулан шийджээ. Харин цахилгаан эрчим хүч тасарсан үед нам даралтын зуухаар галлагаа хийдэг аж. Үүнээс гадна ундны усаа шийдэхийн тулд 26 метр гүний худаг гаргаж, цахилгаан нацос тогонд залган автомат аргаар ус хэрэглэж байна. Тухайлбал, гал тогоо болон угаалгын өрөөнд гүний худгаас цэвэр ус нийлүүлж байгаа юм. 

Мөн байшингийн дэргэд бохирын цооног бий болгожээ. Цооног нь хоёр тоннын бгтаамжтай бөгөөд бохир дүүрэх үед тусгай машинаар соруулдаг. Ингэснээр гэр хорооллын байшинд нийтийн орон сууцанд амьдарч байгаа мэт ая тухтай, байгальд ээлтэй орчин бүрдсэн гэж иргэн Г. Дэмбэрэлсайхан онцоллоо.   


                        Хашаандаа цэцэг, чацарганы мод тарьснаар эрүүл, цэвэр орчин бүрдэж байна

Дараагийн бүтээлч, шилдэг хашаатай айл бол Жаргалант сумын Буянт багийн иргэн Г.Хандсүрэнгийнх юм. Эднийх хашаагаа 2016 оноос эхлэн засварлан тохижуулж байна. Байшингийнхаа дэргэд гэр бүл, найз нөхөдтэйгөө амарч тухлах зориулалт бүхий саравч барьсан байна.

Мөн хашаандаа 4-5 төрлийн цэцэг, 10 гаруй чацарганы мод тарьж ургуулжээ. Үүний зэрэгцээ хашааныхаа гадна талыг зүлэгжүүлсэн бөгөөд Жаргалант суманд жишиг болохуйц эко бие засах газрыг тохижуулсан байна. Ингэснээр тухайн хашааны өнгө үзэмж сайжирч, эрүүл, цэвэр цэмцгэр, эко орчин бүрдсэн болохыг иргэн Г.Хандсүрэн онцлон хэллээ. 

Ийнхүү гэр хороолол, тэр дундаа хашаандаа сайхан амьдрах боломж иргэн бүрт байгаа учраас нийт гэр хорооллын айл өрхүүд байгальд ээлтэй, тав тухтай, ухаалаг шийдлийг хувийн сууцандаа нэвтрүүлэхийг төслийн багийнхан уриаллаа. 

Төслийн зүгээс дахин Ховд аймгийн Жаргалант суманд жишиг болохуйц хашаа, байшинтай хөдөлмөрч, бүтээлч  гурван өрхийг  тодруулахаар төлөвлөж байна.  


 

Холбоотой мэдээ