Замын Цагдаагийн уулзвар дахь 477 метр гүүрэн гарцыг нээв

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-09-16 15:03:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гармын дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Нийт 42.38 сая ам.долларын төсөвт өртөг бүхий төслийн ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20 дугаар товчоо” групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллажээ.

Энэхүү байгууламж нь 477 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гээд нийт 1.1 км гүүр, 2.5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрдэнэ.


Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож хэлэхдээ, "Би саяхан Улаанбаатарынхан таван жилийн амьдралынхаа нэг жилийг машин дотроо өнгөрүүлж байна гэсэн судалгаа харсан. Анх байгуулахдаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн хотод маань өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна. Үүнээс үүдэлтэй түгжрэл, агаар орчны бохирдол гээд олон асуудал тулгарч байна. Түгжрэлийг бууруулахад энэ гүүр их тус болно гэдэгт би итгэлтэй байна. БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцан энэ сайхан бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаад маш их баяртай байна" гэлээ.

Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол Улсын гудамж руу буух “В” хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 25-нд нээх юм. Харин үндсэн гүүрнээс Нарны замд холбогдох “С” хэсгийг 10 дугаар сарын сүүлээр нээхээр Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байна. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Нийслэлийн хүн амын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500 гаруй мянган автомашинтай нийслэл хотод бид мөр зэрэгцэн ажиллаж амьдарч байна. Агаарын бохирдол, автомашины түгжрэл та бидний эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, санхүүгийн дайсан болсон гэхэд хилсдэхгүй. Монгол улсын Засгийн газар нийслэлийн удирдлагын хэмжээнд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туул голын дээгүүр Яармагийн олон түвшний огтлолцол, Баянзүрх дүүргийн дөрвөн эгнээ гүүр, Сонсголонгийн дөрвөн эгнээ гүүр, Замын цагдаагийн ойролцоох энэхүү гүүрэн гарцыг барих болон Налайхын 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд нийт 26.7 км авто зам, 3 км гаруй гүүрэн байгууламжийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар багасгах боломжтой” гэв.

Гүүрэн гарц ашиглалтад оруулснаар, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах ач холбогдолтой юм.

 


Холбоотой мэдээ