Ахмад хилчид сүлдэт багана бүхий мөнхийн галд цэцэг өргөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 86 жилийн ойг өнөөдөр Үдэсний цэцэрлэгт хүрээлэн дэх хилчдийн Сүлдэт багана бүхий мөнхийн галтай дурсгалын хөшөөний дэргэд ёслон тэмдэглэлээ. Ёслолд монголын үе үеийн ахмад хилчид оролцов.
Энэхүү Сүлдэт багана бүхий мөнхийн галтай дурсгалт хөшөөг Хил хамгаалах байгууллагын түүхт 83 жилийн ойн үеэр Хил хамгаалах Ерөнхий газрын нийт албан хаагчид, хилчдийн санал санаачилгаар барьж байгуулсан байна. Өнөөдрийн баярт 2000 хилчин хуран цугларч, 130 гаруй хилчдийг урамшуулсан дурсамж уулзалт болов.
Энэ үеэр хилчдийнхээ түүхэн гавьяаг алдаршуулан мөнхжүүлж Хурандаа Ч.Алтангэрэл “Баруун ба баруун өмнөд хязгаарт болсон дайн” дурсамж, дурдатгал, өгүүллийн гурван боть ном хэвлүүлсэн хурндаа Ч.Алтангэрэлтэй уулзлаа.
Тэрбээр “Эзэмшил, эзэрхийлэл, тэмцэл, шийдэл гэсэн нэгдүгээр боть”, “Дайн байлдаан, үйл явдал, шийдвэр”гэсэн хоёрдугаар боть, “Бүү март” гэсэн гуравдугаар боть бүхий хөрөг дурсамжийн гурван боть том бүтээл туурвижээ. ”Энэ жил “Халхын голын дайн ба Монголын хилчид” гэсэн ном бүтээж, эсэргэн сумны өөдөөс тэмцэж явсан, шархадсан, амь үрэгдсэн хүмүүсийн тухай энэхүү номдоо оруулж, тэднийхээ баатарлаг дурсгалд номон суварга бүтээлээ. 1935-1949 он хүртэл Монголын хилчид зүүн хязгаарт байлдаж, маш том үүрэг гүйцэтгэсэн. 1934 онд тавдугаар отрядын Алаг толгойн застав асар их үүрэг гүйцэтгэсэн боловч өнөөдөр түүхээ мэдэхгүйгээс болж мартагдах шинжтэй. Ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг мартах учиргүй. Япончууд 1935 онд Халхын сумыг дайрах үед ангийн штабын дарга Дондов, мөн Янжив гэдэг хоёр хүн алдагдсан. Энэ үеэс эхлээд 1949 он хүртэл олон хилчид амь үрэгдэж байжээ. 1939 оны зургаадугаар сарын 5-нд Жуков жанжин ирээгүй бол бид байх уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал үүссэн том дайн байсан. Үүний дараа 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын хилчид гарамгай гавьяа байгуулахад үүрэг гүйцэтгэсэн. Эдгээрийг номондоо багтаасан” гэж Ч.Алтангэрэл ярилаа.