Экспортын шилдэг бүтээгдэхүүнээр “Витафит инвест”-ийн “Зэрлэг жимс” шалгарлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-17 19:24:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мишээл экспо” төвд энэ есдүгээр сарын 12-15-нд гарсан “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодорлоо.

Үзэсгэлэнд дотоодын 60 орчим, гадаад улсуудаас ОХУ, Беларусь, БНСУ, БНХАУ, Тайванийн 40 гаруй компани оролцож, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан танилцуулж, 4 өдрийн турш 150 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Оролцогчдыг 14 номинациар шалгаруулснаас тэргүүлэх шагнал Гран-при цомыг “Мах импекс” ХХК хүртлээ.


Оны онцлох хүнсний шинэ бүтээгдэхүүнээр “Хатан сүйх импекс” ХХК-ийн “Хонины ясны шөл” нэрийн бүтээгдэхүүн, онцлох аж үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнээр “ДэНД” ХХК-ийн “Хүүхдийн бэлтгэлийн хослол”, экспортын шилдэг бүтээгдэхүүнээр “Витафит инвест” ХХК-ийн, Монгол орны хөрсөнд буюу Хөвсгөл, Завхан аймагт ургасан жимсээр хийсэн “Зэрлэг жимс” 2 нэр төрлийн бүтээгдэхүүн тус тус шалгарлаа.

Харин импортын шилдэг бүтээгдэхүүнээр “Ноён-уул Эрдэнэ” ХХК-ийн “Сalvet”брэндийн цуврал дарс, “Ухаасар” ХХК-ийн оруулж ирсэн, Польш улсын “YАТО” брэндийн гэр ахуй болон ажлын багаж шалгарав.


Дэвшилтэт технологи ноу-хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээр Анагаах ухааны хүрээлэнгийн “Дерма лаб” ХХК-ийн “Ганган” брэндийн үс хуйхны эмчилгээний бүтээгдэхүүн  шампунь, ангижруулагч, тэжээлийн тос багц бүтээгдэхүүн шалгарлаа.

Засгийн газраас зарласан “Эх оронч худалдан авалтын жил” болон нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд болсон “Улаанбаатар Түншлэл-2019” намрын үзэсгэлэн-худалдааг МҮХАҮТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулсан юм.

Б.Болд

Холбоотой мэдээ