“Шилмэл мал” шалгаруулах үзэсгэлэнд Дундговь аймаг тэргүүн байрт оржээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-09-19 14:01:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 11-13-нд Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулсан "Шилмэл мал-2019" гойд ашиг шимт малын үзэсгэлэн, худалдаанд Дундговь аймаг оролцож, багийн дүн, зохион байгуулалт, идэвх оролцоогоороо 21 аймгаас “Тэргүүн байр”-т шалгарчээ.  

Тус үйл ажиллагааны үеэр ашиг шим үзүүлэлтээр нь таван төрлийн мал, сайхан айраг, цагаан идээ шалгаруулах, дэмбээ зэрэг уралдаан, тэмцээн болж, тус аймаг таван хошуу малаас дөрвөн төрөлд амжилт гаргаж, цагаан идээ, сайхан айраг шалгаруулах болон дэмбээний тэмцээнд түрүүлж, бүхий л уралдаан тэмцээний нийлбэр дүн, идэвх оролцоогоороо ийнхүү бусад аймгаа хошуучилж  Батламж гардан авсан аж.

“Шилмэл тэмээ” шалгаруулах тэмцээнд Хулд сумын малчин С.Баянжаргалын буур нэгдүгээр байр, Б.Батжаргалын ингэ хоёрдугаар байр, “Шилмэл адуу” шалгаруулах тэмцээнд Өндөршил сумын “Шил адуу” нэг, хоёрдугаар байр тус тус эзэлжээ.

Харин “Шилдэг хонь”-шалгаруулахад Сайнцагаан сумын Далай багийн “Сайнцагаан хонь” тусгай байр, ГовьУгтаал сумын Б.Жаргалсайханы эм ямаа нэг, хоёрдугаар байр тус тус эзэлсэн байна.

Мөн хамгийн "Сайхан айраг"-аар Дэрэн сумын малчин О.Галбадрахын бэлтгэсэн айраг шалгарч, “Сайхан цагаан идээ”-ээр тус сумын малчин, Улсын аварга саальчин Ч.Наранцэцэгийн цагаан идээ “Тэргүүн байр”т шалгарчээ. Харин "Дэмбээ"-ний тэмцээнд Хулд сумын Олдох багийн малчин Б.Батжаргал түрүүлсэн амжилт гаргасан байна.  

2017 онд Дундговь аймгийн Өндөршил сумын Гүр адуу, Хулд сумын Олдохын талын тэмээ, Сайнцагаан сумын Далай багийн хонь бусад үүлдэр омгоос ялгагдах өөрийн гэсэн шинж төрхтэйг генетикийн шинжилгээгээр тогтоож, эдгээр мал биеэ даасан омог үүлдэр болох боломжтой гэдгийг тодорхойлжээ. Түүнээс хойш үүлдэр батлуулах судалгааны ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал: Олдохын талын тэмээ, Далай багийн хонь мах, ноосны ашиг шим өндөртэй, Гүр адуу хурдлах чадвар, уушигны багтаамж, цусан дахь уургийн агууламж илүү ажээ. 

Дээрх үзэсгэлэн худалдаанд эдгээр үүлдэр, омог амжилттай оролцож, "Шилдэг мал"-аар шалгарсан явдал нь бусад малаас ялгагдах онцлогтойг харуулсан бас нэгэн баталгаа болж байна. 


Холбоотой мэдээ