Эрдэмтэд “Монголын эзэнт улсын түүх” таван ботийг 10 гаруй жилийн судалгаанд түшиглэн бүтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрний салбарын судлаачид, бусад түүхчдийн сүүлийн 10 гаруй жилийн жилийн турш хийсэн судалгаанд түшиглэн Монголын эзэнт гүрний бүрэн түүх 5 боть зохиолыг нэмж засварлан, шинээр туурвин гаргалаа.
Энэхүү ном нээх
ёслол өнөөдөр ШУА-д болов. Номын нээлтэд ном
бүтээлцсэн түүхчид, судлаачид хүрэлцэн иржээ.
ХIII-XIV зуунд Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад
Ази, Европыг дамнасан асар уудам нутгийг байлдан дагуулж Номхон далайгаас
Персийн булан хүртэлх олон улс орныг эрхшээлдээ оруулсан дэлхийн эзэнт гүрнийг
байгуулсан билээ.
Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн бөгөөд тэр нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй юм. Энэ талаар дэлхийн олон оронд сурвалж, судалгааны зохиолууд тасралтгүй хэвлэгдсээр байгаа бөгөөд Монгол Улсын түүхч эрдэмтэд энэ сэдвээр цөөнгүй бүтээлийг туурвисан билээ.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Чингис хаан” хаадын музей байгуулахаар яригдаж буй цаг үетэй давхцан энэхүү 5
боть ном хэвлэгдэн нийтийн хүртээл болж байгаа нь бэлгэдэлтэй үйл юм. Энэ бүтээл нь эзэнт гүрний түүхээр
монографын түвшинд гарсан анхны 5 боть гэдгээрээ ач холбогдолтой. Мөн
эдгээр ботийг бүтээхэд монголын түүхээр судалгаа явуулдаг хүрээлэн, их
сургуулиудын эрдэмтэн судлаач, хувь судлаач зэрэг бүхий л хүн оролцож
бүтсэн гэдгээрээ онцлогтой. Хэчнээн
олон хүн оролцоно төдий чинээ үнэн түүх бичигдэх ёстой. Түүхийг түүхчид
бүтээдэг. Түүхчид ямар өнцгөөр харна ард түмэн тэгж л харна. Та бүхний
сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд энэ боть мэндэлж байгаа нь тус
бүтээлийн үнэ цэнийг тодотгож байна”
хэмээн онцлов.
Тус цувралын тэргүүн боть “Их Монгол улс” бүтээлийг академич
Ж.Болдбаатар, доктор Ц.Цэрэндорж, доктор, профессор С.Цолмон, доктор А.Пунсаг,
доктор Ц.Энхчимэг нар хамтран бичсэн байна. Тус бүтээлд Хүннүгээс эхтэй
монгол төрийн уламжлалд тулгуурлан байгуулсан Монголын ханлигаас эхлээд,
Чингис хаан, Өгэдэй, Гүюг, Мөнх хааны үеийг хүртэлх Монгол улсын түүхийг
багтаасан агаад сүүлийн үеийн түүх, археологийн судалгааны ололтыг аль
болох ашиглахыг оролдсоны дээр, бичгийн сурвалжын мэдээг эш татаж,
баталгаа нотолгоо болгохыг хичээжээ.
Харин II боть “Монголын Юань улс” зохиолд Юань улсад төрийн
төвлөрсөн эрхийг чангатгасан нь улс төр төдийгүй, эдийн засгийн хувьд олон
төрлийн аж ахуйг зэрэгцүүлэн хөгжүүлсэн тухай нийгэм, эдийн засгийн түүхийн
талаар тодорхой саналыг дэвшүүлсэн байна.
Доктор С.Цолмонгийн
туурвисан III боть “Монголын Алтан Ордны улс” зохиолд Алтан Ордны улсын талаар сүүлийн
үед гарсан судалгааны үр дүн, олдвор, баримт зэрэгт тулгуурлан шинэ баримт материалд
тулгуурлажээ.
Доктор Ц.Энхчимэгийн бичсэн IV боть “Монголын Цагадайн улс”
зохиолд Дундад Азийн бүс
нутагт Монголын эзэнт гүрний зүгээс хэрэгжүүлсэн бодлого, мөн түүний нөлөө нь
Цагадайн хант улсын нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжсэн, бүс нутгийн түүхэнд
монголчуудын гүйцэтгэсэн үүрэг зэргийг авч үзсэн байна.
Доктор Л.Ганбат, А.Энхбат нарын хамтран бичсэн V боть “Монголын Ил хант улс” зохиолд Ил хаадын Бага Ази, Ойрхи дорнодын бүс нутагт явуулсан улс төрийн бодлого, үйл ажиллагаа, монголчуудын бүс нутагт үзүүлсэн нөлөөлөл, Бага Азийн бүс нутаг очсон монгол овог аймгийн түүх, соёлын талаар авч үзжээ.