Цэцэг сумын “Соёлын өдөр” үйл ажиллагаа аймгийн төвд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-20 13:34:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг сумын “Соёлын өдөр” үйл ажиллагаа аймгийн төвд боллоо.

Цэцэг суманд халх угсаатан аж төрдөг. Тиймээс халх угсаатны ёс заншил, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сум орон нутгийн  онцлог, түүхийг иргэд, олон нийтэд  сурталчлахад  энэхүү үйл ажиллагааны зорилго чиглэж байв.

Цэцэг сумын “Соёлын өдөр” үйл ажиллагаа Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэллээ.   

Ард Аюуш хэмээн алдаршсан Алдаржавын Аюуш нь ардын хөдөлгөөний цогтой тэмцэгчдийн нэг байв. Тэрбээр 1859 онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын  нутагт төржээ.

Манжийн түрэмгийлэн эзлэгчид Монголын ард түмнийг хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан цагт А.Аюуш иргэдийг толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв. Улмаар тэмцсэнийхээ төлөө "Есөн эрүү" шүүлтээр тамлуулсан ч давж гарсан юм. Ард Аюушийн хөшөөг 1966 онд Ховд аймгийн төв талбайд босгосон.

Тиймээс Цэцэг сумынхан ардын хөдөлгөөнийг толгойлогч Ард Аюушийн намтар, түүхэн гавьяаг дурсахын зэрэгцээ хүндэтгэл үзүүллээ.  

Мөн  урлагийн тоглолт  зохион байгуулж,  уран нугаралтын сонирхолтой үзүүлбэр толилуулав.     

Тус үйл ажиллагааг  Цэцэг сумын ИТХ,  ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулснаараа онцлог юм.

Ховд аймагт 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна. Иймд олон  угсаатны өв соёлыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  сумдын “Соёлын өдөр- сум сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулахаар тусгажээ.

Хуваарийн дагуу энэ онд долоон сумын өдөрлөг аймгийн төвд болно. Энэ ажил Цэцэг сумын соёлын өдөр үйл ажиллагаагаар эхэлснээрээ онцлогтой.

Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож, Цэцэг сумын Хөшөөт багийн эмчид мотоцикл гардууллаа. 

Холбоотой мэдээ