Уран барималч А.Очирболд "НордАрт" үзэсгэлэнгийн дээд шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн уран бүтээлчдийн чансааг сорьдог “НордАрт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр болдог. Тус үзэсгэлэнгийн үеэр олгодог “НордАрт-2019” тэргүүн дээд шагналыг Монголын уран барималч А.Очирболд "Дэгрээ" нэртэй өвөрмөц бүтээлээрээ хүртжээ.
Хорин нэг дэх удаагийн буюу энэ жилийнх 6 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд 100 гаруй орны 3000 уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс 371 авьяастны бүтээлийг олонд толилуулж байна. А.Очирболдын "Дэгрээ" хэмээх бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй, төмөр баримлын инстоляц гэх төрлийн бүтээл аж.
Түүний хүртээд буй шагнал нь дараа жилийн үзэсгэлэнд оролцох эрх, 10 мянган евро дагалддаг юм байна. Уран барималч А.Очирболд энэхүү Олон улсын үзэсгэлэнд тав дахь жилдээ оролцож байна. 2015 онд анх оролцохдоо “НордАрт” симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн шагналыг хүртэж байжээ.
Одоогоор энэ дээд шагналыг 2010-2018 онд БНЧУ, ХБНГУ, ОХУ, Итали, АНУ, БНХАУ-ын уран бүтээлчид гардсан бол энэ жил монгол уран бүтээлч анх удаа хүртлээ.
“НордАрт-2019” үзэсгэлэнд Монгол Улсаас 23 уран бүтээлч, 53 бүтээлээрээ оролцож байгаа юм.