Аюулт үзэгдэл, ослын улмаас 162 хүн амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-09-23 16:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар Монгол Улсын хэмжээнд эхний найман сард нийт 3628 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүний улмаас 162 хүн амь насаа алдаж, 57 хүн гэмтэж бэртэн, 26050 толгой мал, амьтан хорогдож, 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Учирсан хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны болон бусад байгууллага, орон нутгийн иргэд нийт 24575 хүн, 4613 автомашин ажиллаж, 1049 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 44.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгахад онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 13.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн ослын 53 удаагийн дуудлагаар 337 хүн, 73 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 64 хүний амь насыг аварч, 76 хүнд тусламж үзүүлжээ. Цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн, 20 техник хэрэгсэлтэй ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Харин аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 162 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад, 15 хувиар нэмэгдсэн байна гэж ОБЕГ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ