Уул уурхайн лицензүүдийг цуцлуулахад төр иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-23 15:28:07

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг уул уурхайгаас ангид аймаг байх зорилт дэвшүүлэн олон нийтэд зарласан билээ. Аймгийн Засаг даргын зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах тухай саналаа Монгол улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хүргүүлэн ажиллаж байгаа аж.

Тиймээс дээрх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс байгаль орчин, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлууд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн орон нутагт үзүүлж буй нөлөөллийн талаар санал солилцжээ.

Энэхүү санал солилцох уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэх судалгаа, дүгнэлт гаргах ажилд иргэд, төрийн бус байгууллагуудын саналыг хүлээн авч хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна. Иймд иргэний нийгмийн байгууллага, иргэдийг дээрх асуудлаар санал, холбогдох мэдээ баримтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст болон 70462827, 96049909, 90129014 дугаарын утсанд ирүүлж хамтран ажиллахыг урьж байгаагаа зарлалаа.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг судлан үзэж Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүн ам, мал амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөлөл, нөхөн сэргээх үүргийн биелэлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх судалгаа, дүгнэлт гарган Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэх ажлыг Завхан аймаг мөн зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ