Хүүхдийн дүр дүрслэх урлагт хэрхэн буусныг харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-09-25 12:43:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол арт галерейгаас 2019-2020 оны хичээлийн жилд зориулан зохион байгуулж буй “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт зураачдын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.

Монголын дүрслэх урлаг хөгжлийн түүхэндээ сэдэв төрлийн хувьд өргөжин тэлсээр ирсэн. Үүний нэг нь хүүхэд  багачуудын сэдэв гол байр суурийг эзэлж байв. Уран бүтээлчдийн өөрсдийн өнцгөөс хүүхдийн үйл хөдлөл, донж төрх, зэргийг гярхай олж харан бүтээлдээ тусгасан олон бүтээл байдаг. Хүүхэд багачуудын ертөнцийг танин олж харах эрмэлзэл өвөрмөц байдаг учраас амьдралын үнэнийг дүрслэх урлагаар танилцуулан ойлгуулах үүрэг бүтээлчдийн өмнө тулгарч, өсвөр үеийхэнд амьдралын үнэт сургамж үлгэр болох бүтээлээ улам олшруулах зорилгоор тус энэхүү үзэсгэлэнг сэргээн зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд 30-аад уран бүтээлчийн 100 гаруй бүтээл олны хүртээл болох юм. Тухайлбал, МУУГЗ зураач Ч.Батмөнх, Н.Санчир, Ё.Өлзийхутаг, Г.Төмөр, МУСГЗ зураач Д.Гунгаа, МУУГЗ С.Дондог, Р.Дүйнхоржав, Ж.Ганхүү, Б.Насанцэнгэл, Б.Хонгорзул, Б.Отгонтүвдэн нарын 30 гаруй зураач бүтээлээ дэлгэнэ.

 Үзэсгэлэн 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж.


Холбоотой мэдээ