Хаягдал хуванцраар эмээл урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-26 12:27:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн С.Нацагдорж гуай хаягдал хуванцар, гялгар уутыг 140-150 градуст хайлуулан хэвэнд цутгаж нүүдэлчин соёлд тохирсон эмээл зохион бүтээсэн байна.

        Энэхүү эмээл нь модон эмээлтэй адил жинтэй, морины нуруунд эвтэйхэн бат бөх чанараараа онцлог бөгөөд 150 мянган төгрөгийн үнэтэй аж. “Цагаан нуга” нөхөрлөлийн ахлагч С.Нацагдорж гуай бол нутаг усандаа нэртэй, хөдөлмөрч түмний хүндэт төлөөлөл. Түүний тухай сурвалжлан тэмдэглэснээ уншигч танаа хүргэе.


          Зүгээр суух гэж үгүй энэ зоны хүндэт төлөөлөл болсон С.Нацагдорж гуай Хэнтийн мэдээ агентлагаас уламжлал болон зохион байгуулдаг “Бид бүтээгчид” бүтээлч уралдааны 2018 оны алтан цомын эзэн болж байжээ

Биндэр нутгийн уугуул, малчин ард Лувсангомбын Содов, Цэндийн Цэдэвсүрэн нарын голомтод мэндэлсэн С.Нацагдорж сайн эцэг эх, сайхан нутаг оронд төрсөн азтай нэгэн юм. Тиймдээ ч энэ л нутаг орондоо үнэт баялгийг бүтээж, үлгэр жишээ амьдарч явна. Түүний хувьд 1965 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцаж, малын бага эмч мэргэжлийг эзэмшжээ. Ингээд 1968 онд Баянхутаг сумын Буян-Уул бригадад малын бага эмчээр томилогдон ажиллаж ажил амьдралын алтан гараагаа эхэлсэн гэдэг. Ар Биндэр нутгийн хүү С.Нацагдорж амьдрал дээр гарч, ажиллаж хөдөлмөрлөж байх үедээ эр цэргийн албанд мордсон юм. Тэртээх 1970 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд тэндээсээ ЗХУ-ыг зорьж байсан бахдам цаг үе түүнд бий. Москва хотын Хилийн цэргийн Улсын дээд сургуульд Нам, улс төрийн ажилтан мэргэжлийг эзэмшин, бэлтгэгдсэн боловсон хүчин болон эх орондоо ирж, Монгол, Хятадын торгон хил дээр томилогдон ажиллаж байв. Намтар түүхийг агуулсан нарлаг Монголынхоо торгон хязгаарт С.Нацагдорж 1976-1990 он хүртэл ажиллаж амьдарч байгаад гавьяаны амралтдаа суужээ.

            Хань сайтай хүн хаа ч алзахгүй гэдэг. С.Нацагдоржийн гэргий Батноров сумын уугуул  Дуламсүрэн гэж эгэл нэгэн эмэгтэй бий. Тэд 1976  онд гал голомтоо бадраасан бөгөөд таван хүү, нэг охинтой өнөр бүл юм.  Ууган хүү Н.Баяржаргал нь хилчин удмаа залгасан дэд хурандаа. Өдгөө Сэлэнгэ аймгийн шалган нэвтрүүлэх хилийн отрядад Штабын даргаар ажиллаж байна. Удаах хүү Н.Баярмагнай, Н.Мэндбаяр нар нь Биндэр сумын ойн мэргэжлийн байгууллагад ажилладаг.  Дунд хүү Н.Баярхүү Дадал суманд мал аж ахуй эрхлэн амьдардаг бол бага хүү Н.Баярсүрэн нь авто машин  засварын газар ажиллуулдаг. Харин бага охин Н.Алдармаа нь Дадал суманд гэр бүлийн хамт амьдарч байна. С.Нацагдорж хүүхдүүддээ үгээр заахаас илүүтэй үйлдлээрээ үлгэрлэж амьдарч ирсний мөрөөр түүний үр хүүхдүүд зөв замаар зөв мөртэй амьдарч явна.   

             Амралтдаа суусан С.Нацагдорж 1990 оноос гэр бүлийн хамт унаган нутаг Биндэртээ ирсний дараа дахин эх орны дуудлагаар Дадал сумын хилийн цэргийн ангид Барилга орон сууцны албаны дарга, Цагаан чулуутын заставт штабын даргаар ажиллаж байгаад энгийн амьдралдаа орсон гэдэг. Эх орны алтан баганат хилийн манаач 2009 оноос эх дэлхийн зүрх нь болсон байгалиа хамгаалах их үйлсэд хүчин зүтгэх болжээ. С.Нацагдоржийн ахалдаг Цагаан нуга нөхөрлөл энэ жил 10 дахь жилтэйгээ золгож, найман өрхийн 16 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Биндэр сумын 735 га талбайн ой мод, ан амьтныг хамгаалдаг тус хамт олны гаргасан амжилт арвин.

              Амьдралд хайртай хүнийг амьдрал шагнадагтай утга нэг хөдөлмөрт үнэн сэтгэлээсээ ханддаг хүнийг хөдөлмөр ч мөн шагнадаг. Энэ бол С.Нацагдоржийн амьдралдаа баримталж ирсэн зарчим юм. Улсынхаа хөгжилд залуу насаа зориулж, уул нутагтаа хөдөлмөр тарьж суудаг энэ сайхан гэр бүл гараа хумхиж сууна гэж нэгээхэн ч үгүй. Гэргий Дуламсүрэн газар хагалж ногоо, эмийн ургамал тарихын дээр сүү саалиа боловсруулж, цагаан идээ бэлтгэнэ. Харин Нацагдорж юухэн хээхэн ашиглаж, жижиг хэмжээний үйлдвэрлэл эрхэлнэ. Үйлдвэрлэл гэж цохон тэмдэглэх учир нь байгальд хамгийн хор нөлөөтэй гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулж, чанартай зузаан хуванцар материалыг гарган авч, тохижилтод ашиглаж байна. Үүний зэрэгцээ байгалиа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж, Биндэр нутгийн алдарт нарсан коридор, яргуйн хавцал орчмыг бүтээлчээр тохижуулан, жуулчдын ирэх дуртай газар болгожээ.  Түүний байгуулсан энэхүү жуулчны баазад ирсэн хүн моторт завь, үхэр тэргээр аялах, жижиг усан цахилгаан станц, амьтдын баримал, хүслийн мод, хусан дүүжин гээд олон сайхан тохижилтоор аялж, байгалийн сайхныг бахдах боломжтой. Бүтээлч иргэн С.Нацагдоржийг орон нутгийн удирдлагууд үнэлж, аливаа төсөл хөтөлбөртөө хамруулж, санаачилгыг нь байнга дэмжиж байдаг ажээ. Дараагийн удаа С.Нацагдорж нутагтаа томоохон дүүжин гүүрийг байгуулах зорилго өвөрлөн буйгаа бидэнд ярьж байсан юм. Ажил хөдөлмөрийн амтанд дурлаж, ард олноо үлгэрлэн буй түүнээс Хан Хэнтийн залуу хойч үе суралцах зүйл дэндүү олон. . 

Холбоотой мэдээ